УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг хуулийн төслийн агуулга нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 34 хувийг нийт ард иргэдэд бүрэн эзэмшүүлэх юм.
Мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг нөхөн олгохоор заажээ. Цаашид шинээр төрөх иргэд ч тус компанийн хувьцаа эзэмшигч болох юм байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: -Тогтоолын төслийг дэмжиж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ер нь сүүлийн үед сайн ажиллаж, ашиг орлого нь нэмэгдэж байгаа. Үйл ажиллагаа нь ч ил тод болж байгаа.
Нэгдүгээрт, иргэд байгалийн баялгаасаа хишиг хүртэж байна.
Хоёрдугаарт, хяналт тавих ёстой. 27 хүртэлх хувийг иргэдэд эзэмшлүүлж байгаа. Тэр хэмжээгээрээ иргэдийн төлөөлөл ТУЗ-д байх ёстой. Одоо ТУЗ-д иргэдийн төлөөлөл гэж хэдэн хүн байгаа вэ. Хоёрдугаарт, хишиг хүртэе гэж иргэд байнга ярьж байна. Тэгвэл хэзээ олгох юм бэ?
Гуравдугаарт, 2016 оны сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг Ерөнхий сайд иргэдэд хувьцаа олгосон. Энэ хувьцаа иргэдийн нэр дээр хувьцаа хэвээрээ байна уу эсвэл хувьцаагаа зараад хувьцаагүй байна уу?
Шадар сайд С.Амарсайхан: -Нүүрсний экспорт, тайлан, тээвэрлэлттэй холбоотой авах зарим арга хэмжээг Засгийн газарт даалгасан. Үүний хүрээнд 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж танилцуулах, 1072 хувьцаатай холбоотой тайлан танилцуулах ажлыг даалгасан.
Өнөөдөр 2012 оноос өмнө төрсөн 2.5 сая иргэн хувьцаа эзэмшиж байна.
Гэтэл нэг орчим сая хүн хувьцаа эзэмшээгүй байна. Эдгээр иргэдэд болон цаашид төрөх иргэдэд хувьцаа эзэмшүүлэх тухай асуудлыг шийдвэрлэж байна. Ногдол ашгийн асуудал 2023 онд үндсэндээ бэлтгэл ажил нь хангагдаж, 2024 онд шийдэгдэж, олгогдоно гэж ойлгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, “Тавантолгой” компанийн 34 хувийг цаашид Монгол Улсын иргэн бүр эзэмших боломж, нөхцлийг олгох чиглэлд ажиллахаар тогтоол орж байна.