Доналд Трамп АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа өмнөх засаглалын баримталж байсан бодлого шийдвэрүүдийг өөрчилсөн хэдэн арван зарлигт гарын үсэг зурсан. Үүнд цагаачлалын бодлогыг чангатгаж, цагаач гэр бүлээс АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохоос татгалзах, Парисын хэлэлцээр, ДЭМБ-аас гарах гэх мэтчилэн 300 гаруй зарлиг тушаал байгаа юм. Ардчилсан намынхан Трампын шийдвэрүүдийг хурцаар шүүмжлэн буруутгаж байсан бол ард иргэдийн зүгээс ч мөн эсэргүүцэл үзүүлж, улс даяар Трампын эсрэг жагсаал цуглаан хийхийг уриалаад байна.
Трамп трансжендэр буюу хүйсээ солиулсан хүмүүсийг цэргийн албанд хүчин зүтгэхийг эсэргүүцдэг. Хамгийн сүүлд буюу өчигдөр гаргасан шийдвэрээр Трамп хүйсээ солиулсан хүмүүсийг эмэгтэйчүүдийн спортын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хассан зарлигт гарын үсэг зурлаа.
Цагаан ордноос гаргасан албан мэдэгдэлд Ерөнхийлөгч Доналд Трамп “Эмэгтэйчүүдийн спортын тэмцээн уралдаанд эрчүүдийг оролцуулахгүй байх тушаал”-д гарын үсэх зурах ёслол 15:00 цагт болно гэж дурдсан байна. Мөн Цагаан ордны хэвлэлийн албаны дэд дарга Анна Келли Х цахим сүлжээнд “Ерөнхийлөгч Трамп өнөөдөр эмэгтэйчүүдийн спортыг аварч хамгаална гэсэн амлалтандаа хүрлээ” хэмээн мэдээлжээ. Энэ мэтчилэн Трампын хийж буй үйлдэл, дэвшүүлж буй санал, баталж буй зарлиг тушаалуудыг эсэргүүцсэн иргэд жагсаалд нэгдээд байна.
Жагсагчид цахим сүлжээгээр дамжуулан 50501 буюу АНУ-ын 50 мужид 50 жагсаалыг зэрэг зохион байгуулах саналыг улс даяар уриалж байна. Вашингтон, Нью-Йоркоос гадна Массачусетс мужийн Бостон, Миннесотагийн Сэйнт Пол, Техасын Остин, Мичиганы Лэнсинг, Мэрилэндийн Аннаполис зэрэг арав гаруй том хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал өчигдөр зохион байгуулжээ. Эдгээр жагсаалуудад мянга мянган иргэн нэгдсэн байна. Reddit, Instagram, TikTok болон Трампын ойрын зөвлөх болоод байгаа дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маскын эзэмшдэг Х цахим сүлжээгээр жагсагчид нэгнээ Трампыг эсэргүүцэхэд уриалж байна.
Жагсагчид 2025 онд Трампын хэрэгжүүлэхээр санаачилсан бүх төсөл хөтөлбөрийг эрс эсэргүүцэж байна. Эдгээр өдрүүдэд Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху АНУ-д айлчилж байна. Трамп палестинчуудыг бүрмөсөн Газын зурвасаас хөөх саналыг Нэтаньяхугийн айлчлалын үеэр дэвшүүлсэн. Үүний дараа Цагаан ордны гадаа Израилийн Ерөнхий сайдын айлчлалыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал мөн болсон байна.