Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан \”Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжааны төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, ард түмний нэрлэж заншсан Чингис бонд, Самурай бондын зарцуулалтын эргэн төлөлт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын 16-ний өдөр байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд ажилласан.
Өнөөдрийн байнгын хорооны хурал дээр ажлын хэсгийн бүх материалыг тараасан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ таван удаа хуралдлаа. Энэ хурлын тэмдэглэлийг УИХ-ын гишүүдэд тараасан байгаа. Эдийн засаг, төсвийн байнгын хорооны хурлаас Ардчилсан намынхан бүгд картаа сугалаад гараад явчихлаа. Яагаад Чингис, Самурай бондын зарцуулалт дээр ингэж хандаж байгааг ойлгохгүй байна. Ажлын хэсгийн дүгнэлт дээр дөрвөн гишүүн гарын үсэг зурсан. Гишүүд өөрсдийн санал санаачлагаараа энэ дүгнэлтийг гаргаагүй. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад удирдамж батлагдсан байгаа. Үүнд орсон асуудлаар Ерөнхий аудитын газарт хандаж шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавилаа. Ингээд хоёр удаагийн дүгнэлт гарсан байна. Нэг нь 2014 онд Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүн гэсэн албан ёсны тайлан, 2015 онд Хөгжлийн банкны эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах талаар гэсэн хоёр дахь дүгнэлт гарлаа. Гуравдугаарт Сангийн яамнаас ажлын хэсэг гарч Хөгжлийн банкыг шалгасан. Дөрөвт нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан байна” гэлээ.
Аудитын дүгнэлт дээр хэд, хэдэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал:
-Хөгжлийн банкны тухай хуулиар санхүүжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийнхөө жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкнаас санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн ихэнх нь УИХ-аар батлагдаагүй, Засгийн газрын тогтоол шийдвэрээр энэ санхүүжилтийг олгоод явчихсан. Зарим тохиолдолд тогтоол, шийдвэргүйгээр санхүүжигдсэн зөрчлүүд гарсан байна.
-Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт хангагдаагүй. Үндсэндээ тендер зарлагдаагүй, авто зам, дэд бүтцийн салбар, хөдөө аж ахуйн салбарт шууд гэрээ хийгээд олгогдсон төслүүд байсан.
-Чингис бондын 1,5 тэрбум долларын санхүүжилтийг Монгол Улс босгож орж ирсэн. Төрийн сангийн дансанд 1,5 тэрбум доллар бүтнээрээ биш нэг тэрбум 494 сая доллар орж ирсэн. Энэ дээр 5,4 сая ам.доллар хаашаа алга болсон, юунд зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Үүнийг Аудитын Ерөнхий газар шалгаад дөрвөн сая доллар дээр акт тогтоосон. Орж ирээгүй байхад нь төсвийн хөрөнгөөр 5,4 сая долларыг Хөгжлийн банк руу шилжүүлээд 5,4 тэрбум болгочихсон зөрчил гарсан.
-Мөн Самурай бондын баталгаа гаргах төлбөр, бонд гаргахтай холбоотой зардалд авсан зээлийн 19,2 хувьтай тэнцэх 5,7 тэрбум доллар 55,7 сая долларыг суутгуулсан. Үндсэндээ 290 сая долларын зээл авсан мөртлөө 55,7 сая долларыг нь зээлийнхээ зардалд суутгуулчихсан байж байна. Үүнийг тусгайлан аудит гаргаж шалгах шаардлагатай.
-Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдлийг Арилжааны банкуудад байршуулсан. Ингэхдээ арилжааны банкын хадгаламжийн хүүнээс 2,5- 3 хувиар доогуур байршуулсан. Арилжааны банкуудад байршуулсан хадгаламжийн хүүний зөрүү дөрөв хүртэлх хувийн ялгаатай байна. Ямар банкуудад, ямар шалгуураар байршуулсаныг хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаа.
-Чингис бонд болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа шинэ төмөр замын төсөлд 200 сая долларын санхүүжилт олгосон. Энэ санхүүжилтийн зарцуулалт нь тодорхой бус байна. Мөн МИАТ компанид БОИНГ 767 онгоцын санхүүжилт хийсэн байгаа. Аль ч улс оронд дөрвөн ширхэг БОИНГ онгоцыг шууд мөнгийг нь төлөөд авдаг ийм тохиолдол байдаггүй. Үүнийг тодорхой хэмжээнд хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаа.
-ҮАБЗ-ийн зөвлөмж дээр Чингис бондын эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөх зээлд зарцуулсан гэж байгаа. 1,5 тэрбум долларын 62 хувийг улсын төсвөөс эргэн төлнө гэсэн үг. Гэтэл ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нэг төсөлд 3/1-ийн санхүүжилтээс илүүгүй, санхүүжилтийг хийх ёстой гэж заасан байгаа. Энэ зөвлөмжийг ноцтой зөрчсөн. Ингэснээрээ Засгийн газрын хүлээх эрсдлийг ихэсгэж, улсын төсөвт гадаад өрийн дарамтыг огцом нэмэгдүүлэх үр дагаварыг бий болгоод байна гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмжүүд гарсан байна.