Урин дулаан хаяанд ирж, улс оронд их бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Гэснээс манайхны дуртай тууз хайчлах ёслолын анхны алхам болох шав тавих ёслол хэдийнэ эхэлжээ. Шав тавих, тууз хайчлах нь ялангуяа манай төрийнхний нэр төртэй албан ажлын нэгд тооцогдож, нүүр тахлах бас нэг арга болсныг хэн хүнгүй мэднэ.
Энэ жишгээр дулаан уур амьсгалтай, урд зүгийн нутгаар ийм ажлууд эхэлсэн сурагтай. Жишээлбэл, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг хийх ажлын шав тавих ёслол болсон гэж байна. Энэ ажлын дүнд олон арван гудамж гэрэлтэж, зарим эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх нь таатай л даа. Гэхдээ бидний ёслох, хүндэтгэх үйл ажиллагаа, арга хэмжээнд зааг хэрэгтэй байна.
Монголчууд газар хөндөхдөө сүү дусааж, аргадах зан үйлийг хийдэг ч чухам энэ бүгдийг үйлдэхэд хэтрүүлэг, сүржин зан огтоос хэрэггүй мэт. Энэ сүржин, дүр эсгэсэн байдлаасаа болж зарим хүмүүс, томчууд олон нийтээс олигтой үг олж сонсдоггүй юм гэдгийг хэзээ ойлгох юм бүү мэд. Тиймээс ч энэ удаагийн “ёслол, хүндэтгэл”-тэй болсон гэрлийн шонгийн “шав тавих” арга хэмжээ нь араасаа шүүмжлэл дагуулах шалтагтай болж байгаа юм.
Дан шүүмжлээд яахав, ямартай ч тус суманд олон улсын чанар стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг байгуулж ашиглалтад оруулсан гэдгийг дуулгая. Сэм шивнэхэд, талбайн шавыг ч бас сүртэйхэн тавьсан нь лавтай.