ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган өчигдөр буюу энэ сарын 20-нд Бээжин хотноо өндөрлөлөө. Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоны дараа анх удаагаа илтгэл тавьсан байна. Түүний илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Тэрээр:
-Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе бол Хятадын бүх ард түмнийх юм. Иймээс эв санаа нэгтэй, хамтдаа тэмцвэл Хятадын ард түмний мөрөөдлөө биелүүлэх үйл явцыг хэн ч хориглож чадахгүй юм.
-БНХАУ-ын даргаар өргөмжлөгдсөн энэ өндөр албан тушаал асар их нэр хүнд, үүрэг хариуцлагатай юм. Миний бие урьдын адил, Үндсэн хуулиар тогтоосон үүрэг хариуцлагаа журамлан сахиж, эх орон, ард түмэндээ үнэнч байж, үүрэг хариуцлагаа нухацтай гүйцэтгэж, хичээж ажиллан, чин үнэнчээр зүтгэн, ард түмнийхээ төлөө ажиллаж, ард түмнээрээ хяналт тавиулж, төлөөлөгчид болон бүх Хятадын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэлгүй хичээн ажиллахад бэлэн байна.
-Хятадын ард түмэн урт хугацааны тэмцлийн явцдаа үүсгэж, уламжилж хөгжүүлсэн үндэстний аугаа их үзэл санаа нь Хятадын хөгжил, хүн төрөлхтний соёлын дэвшилд үзэл санааны хүчирхэг хөдөлгөгч хүчээр хангасан юм. Хятадын ард түмэн бол шинийг санаачлан бүтээх, халшралгүй тэмцэх, эвлэлдэн нэгдэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх зэрэг талаар аугаа их үзэл санаатай ард түмэн юм.
-Уул хэдий өндөр боловч мацвал оргилд нь гарч чадна. Зам хэдий хол боловч явбал хүрэх газраа очиж чадна гэдэгт Хятадын ард түмэн итгэдэг. Ойрын үед, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх нь Хятадын үндэстнүүдийн аугаа их мөрөөдөл болсон юм. Хятадын ард түмэн гуйвшгүй урагшилж, эцсээ хүртэл тэмцэх мохошгүй зориг, өөрийн хүчээр дэвжин дээшлэх замаар алдсанаа эргүүлэн авах шийдвэр зориг хийгээд дэлхийн улс үндэстнүүдийн дунд бие даан зогсох чадавх зэргээ гүйцэд ашиглаж, энэ аугаа их мөрөөдлөө биелүүлэхийн төлөө 170 гаруй жил үргэлжлэн тэмцсэн юм. Энэ оны байдлаар, Хятадын үндэстнүүд аугаа их сэргэн мандалтаа биелүүлэх улам их итгэл, чадавхтай болж, аугаа их мөрөөдөлтэйгээ улам ойртсоор байна. Хятадын 1 тэрбум 300 сая гаруй ард иргэд хэзээд энэ аугаа мөрөөдлийн үзэл санаагаа дайчилж чадвал, бид Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг лавтай биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Төрийн аливаа эрх бол ард түмнийх юм. Ард түмэнд итгэл байвал, улс оронд ирээдүйтэй, төр гүрэн хүчин чадалтай байна.
-Иргэдийн хүрээлэл, дэмжлэгийг авах эсэх, дуртай эсэх, зөвшөөрөх эсэхээр аливаа ажлын ололт амжилтын үндсэн шалгуур болгож, иргэдийн анхаарал хандуулж буй ашиг сонирхлын үндсэн асуудлыг сайтар зохицуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалтыг биелүүлэх түүхэн үйл явцад Хятадын ард түмэн болон Хятадын үндэстнүүдийг улам жаргалтай амьдруулна.
-Дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах шинэ аяныг эхлүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргээн мандалтыг биелүүлэх төлөвлөгөөг үнэн бодит болгох нь цоо шинэ аян юм. Өчүүхэн ч хуумгай хандаж болохгүй. Өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байж, амар амгаланг хөөцөлдөж болохгүй. Харин эхний зорилтоо үл мартан, үүрэг хариуцлагаа бат санаж, тасралтгүй урагшлах ёстой. Улам их эрч хүч гаргаж, бодит арга бодлогоор өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, гадаадад нээлттэй байлгахаа өргөжүүлэх ёстой. Социализмын аргачлалыг хөгжүүлж, төр улсаа засах систем, засаглалын хүчин чадавхын орчин үеийн болох бүтээн байгуулалтыг ахиулах ёстой. Социалист соёлын хүчирхэг орныг байгуулахаа түргэтгэж, иргэдийн амьжиргааг сайжруулан, ядуурлыг бууруулах ажлыг тууштай хийж, нийгмийн шударга, төв голч байдлыг баталгаажуулах ёстой. Экологийн соёл иргэншлийг урагшлуулах ёстой. Намаас ардын армийг удирдахыг эрс баримталж, Хятадын онцлогтой, дэлхийд тэргүүн зэрэглэлийн зэвсэгт хүчний системийг буй болгоно. “Нэг улс хоёр систем” “Хонконгчуудаар Хонконгийг удирдуулах” “Макаочуудаар Макаог удирдуулах”, дээд хэмжээгээр өөртөө засахыг бүх талаар хэрэгжүүлж, “Нэг Хятад улс”-ын зарчим, “1992 оны нийтлэг ойлголт”-ыг баримталж, эх орныхоо энх тайван нэгдлийг ахиулна.
-Үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, эх орноо нэгтгэх нь Хятадын ард иргэдийн хамтын хүсэл, Хятадын үндэстнүүдийн үндсэн ашиг сонирхол юм. Энэхүү үндэстний утга агуулга, түүхэн ахицын өмнө улс орныг салж бутаргах гэсэн аливаа оролдлого эрхбиш бүтэлгүйтэх бөгөөд ард түмний шүүмж, түүхийн шийтгэлийг хүлээх болно. Хятадын ард түмэн эх орныг хагалан бутаргах аливаа оролдлогыг даван туулах бат зоригтой бөгөөд бүрэн итгэл, хүчин чадалтай юм. Манай агуу их орны газар шорооноос ямхын төдий газрыг ч салгаж, тусгаарлаж болохгүй гэдэгт Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүд бат итгэлтэй байдаг.
-Хятад улс хэзээ ч өөрийнхөө хөгжлийн төлөө бусад улс орны ашиг тусыг хохироохгүй. Хятадын хөгжил ямар ч улс оронд сүрдүүлэг болохгүй. Хятад улс хэзээ ч жанжлахгүй, тэлэн өргөтгөхгүй. Хятадын ард түмний хүн төрөлхтний энх тайванд хувь нэмэр оруулах чин хүсэл, хүчин зүтгэлийг ямар ч хүн буруугаар ойлгож, гүтгэн тайлбарлах ёсгүй. Бидний нийгэмд шударга ёс ноёлдог.
-Хятад улс цаашид олон улсын эрх зүй, шударга ёсыг идэвхтэй хамгаалж, дэлхийн асуудлыг олон улсын ард түмэн зөвшилцөн шийдвэрлэхийг дэмжих болно. Хятад улс “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтаа үргэлжлэн хөгжүүлж, дэлхийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын хөгжлөөр хүн төрөлхтний ирээдүйд ач тус үзүүлэх болно. Хятад улс дэлхийн засаглалын тогтолцоог шинэчилж байгуулах ажилд идэвхтэй оролцож, дэхийн хөгжилд Хятадын оюун ухаан, Хятадын төсөл, Хятадын хүчин чадлыг нэмэрлэж, байнгын эх тайван, дэлхий нийтээрээ аюулгүй, хамт хөгжсөн, нээлттэй, уужуу багтаамжтай, үзэсгэлэнт дэлхийг байгуулахыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах болно.
-ХКН ард түмнийг удирдан нийгмийн аугаа хувьсгал хийх түүхэн үүргийг биелүүлэх хэрэгтэй. Өөрийн биедээ өөрчлөлт хийж, нийтийн төлөө нам байгуулж, ардын төлөө засаг хэрэгжүүлж, ард олонтой сэтгэл санаа нэгтэй, хатуужилтай тэмцэж, Марксист үзлээр засаг хэрэгжүүлэх улс төрийн намын үндсэн шинжээ үүрд хамгаалж, цаг үетэй зэрэгцэн урагшилж, Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн түшиг байх болно.
-“Түмэн бодис амилж, төв дэлхийг шинэтгэмүй” ХКН-ын удирдлага дор 70 гаруй жилийн шаргуу тэмцлээр манай улс өсөн бойжиж, дэлхийн олон улсын өмнө шинэ дүр төрхөөр босож зогссон юм. Шинэ эрин бол хүн бүхнийх бөгөөд хүн бүхэн шинэ цаг эриний гэрч, бүтээн байгуулагч юм. Бид бүхэн эв санаа нэгтэй, хамтдаа тэмцвэл ямар ч хүчин Хятадын ард түмний мөрөөдлөө биелүүлэх явдалд саад хийж чадахгүй юм.
Хятадын удирдагч Ши Жиньпин “Ард түмэн” гэдэг үгийг олон давтсан юм. Тэрээр төрийн байгууллагын ажилтнууд, өөрөө ямар өндөр албан тушаалд байсан ч гэсэн, өөрийн эх орон БНХАУ гэдгийг мартаж болохгүйн чухлыг онцолсон бөгөөд ард түмнээ хамгийн чухал байранд тавьж, бүх сэтгэл, бүх зоригоороо ард түмэнд үйлчлэн, ард түмний эрх ашиг, аз жаргалын төлөө хичээн ажиллах хэрэгтэй хэмээн онцолжээ.