Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ШУА-ийн ҮЭ-ийн хорооны удирдлагууд, ҮЭ-ийн сонгуультнууд цалин хөлс нэмэгдүүлэх, ажлын ачааллыг бууруулахыг шаардаж өнгөрсөн баасан гаригаас буюу энэ сарын 10-наас ажил хаялтын өмнөх суултыг хийж эхэлсэн. Мөн МҮЭ-ийн холбооноос энэ үйл ажиллагааг дэмжиж нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээ МҮЭ-ийн холбооны шаардлагаар энэ сарын 15-нд үргэлжилсэн боловч цалин хөлсний нэмэгдлийн асуудлаар Засгийн газраас тодорхой шийдэл, санал гаргаагүй тул дахин завсарлажээ. Ингээд ҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Төрийн албан хаагчдын цалин хөлсийг энэ оны II улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж, хариуг энэ сарын 21-ний дотор ирүүлээгүй, хэлэлцээрийг эхлүүлж, санал нэгдээгүй тохиолдолд тухайн өдрөөс Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийг үндэслэн хамтын маргаан үүсгэх юм.
Уг мэдэгдлийг хийсний дараа МҮЭХ-ны удирдлагууд болон зарим орон нутгийн төлөөлөгчид Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа эмнэлгийн болон боловсрол, шинжлэх ухааны ажилтан албан хаагчидтай уулзлаа. /Энэ талаарх сурвалжлагыг ЭНДЭЭС үзнэ үү./
Тэдний суултыг МҮЭХ болон Авто зам, Нэгдмэл, Хүнс ХАА, Байгаль орчин, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, 21 аймгийн ҮЭ-үүд дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлжээ. Суулт үргэлжилж байна.