…….. Хүн орилолдож, морьд янцгаан, буу нижигнэж, харвасан сум исгэрэлдэн байгаа чимээ анир чих дүлийрүүлэн байлаа. Их голын сав хөндий, хоёр талын уулсын оройг тултал утаанд бүрхэгджээ. Энэ үед цэргийн хуаранд, эмээлт морины дэргэд, сэтгэлээ барьж дийлэхгүй Туул голын уудам хөндийг нүдээ чилтэл ширтэж байсан Ану хатан, тэртээ доор Галдангийн явсан зүгт нэн их чимээ гаран, зогсолтгүй нижигнэж байгаа их бууны чимээг сонсохоостэсвэрлэхаргагүйболжээ. Энэ үед дуран барьсан хянагч цэрэг: “Хатантан минь. Манай урагшаа довтолж явсан цэргийг манж нар араар нь тойрон бүслэн авах гэж байгаа шинж мэдэгдэж байна. Тэнд юу болж байгаа нь бүхэлдээ үзэгдэхгүй боллоо” хэмээн Ануд хэлэв. “Болохоо байлаа та минь. Галдан бүслэгдэж, хамаг цэрэг минь хядагдах нь шив дээ” хэмээн Ану бачууран хэлснээ, орчноо сайхан хар нүдээрээ тойруулан харах нь шийдэмгий агаад, тэмцэлдэж байгаад дуусья гэж хэлж байх шиг, шантаршгүй хатан зоригтны эрэмгий сэтгэлийг тусгасан оч гялалзуулж байлаа.
“Би Галданг бас хүүгээ аврах ёстой. Үхдэг юм бол тэдэнтэйгээ хамт өнхрөх учиртай” хэмээн Ану хатан өөртөө эрслэн хэлэв. Тойрон байгаа шадар хүмүүс ч Ануг ширтэн түүнийг үгийг хүлээв. “Мордьё та минь. Дайсан давуу хүчээр бүсэлснийг хориглон няцаашгүй боллоо. Бид дайсны хаалтыг сэтлэн, бусдыгаа аврах ёстой. Дөрвөн ойрадын төрийн их сүлд, та бүгдийг ойрад сайхан нутгийн зах хүртэл тэтгэн ивээх болтугай. Моринд минь бугын баг өмсгөгтүн” гэж Ану өндөр дуугаар хашхиран хэлэхэд, хөтөч баатар нь бор өргөөнөөс арван хоёр салаат мөнгөн бугын баг хүлэг моринд нь зүүхэд, тэрбээр саарал мориндоо мордов. Хуаранд байсан хатны бие хамгаалах 1000 шилдэг цэрэг Ануг дагаад ярсхийн мордлоо. Тэд илд, морин жадаа барин нүүгэлтэн байгаа бөөн хар юм руу хүлгийн хурдаар довтолгов. “Зоримог шаламгай тулалдаарай” гэж хатан бас хашхирсан боловч түүнийг дуулсан хүн цөөн байлаа. Тэд удсан ч үгүй нүд харанхуйлсан бөөн хар утаан дунд орж ирлээ.
Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан бошигт хаан монголын тусгаар тогтнолын төлөө идэвхтэй тэмцэгч нэгэн байлаа. Түүний хамтран тэмцэгч нь монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлаж явсан, түүх домгийн эзэн болсон Ану хатан билээ. Ану бага балчираасаа бичгийн эрдэмд хан хөвгүүдээс дутахгүй боловсорсноор үл барам, морин сургууль, харвах намнах, цавчих цаламдахад аль сайн хөвгүүдээс дутахгүй зэрэгцэн явжээ. Багачуул оролцсон нэгэн авд ганц сумаар Ану хуланг харван унагаасанд, багш нь ихэд баярлаж, эртний монголын уламжлалаар анх авд мэргэн харваач болсон хүүхдийг хөхүүлэн шагнадаг ёсоор, олон баатар эрийн дунд хамгийн түрүүнд Ану охиныг нэрээр нь дуудан, баруун гарын эрхий хурууг нь тэр хулангийн өөхөөр түрхэн мялааж, ерөөл тавьсан гэдэг. 1671 оны орчим Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ алагдаж, түүний орыг дүү Галдан авч Ануг гэргий болгон суужээ. Гэхдээ өөрийн эх Юм Агийн зөвлөснөөр түүнийг хатан буулгасан гэдэг. Энэ нь тухайн үедээ ойрадын дотоодод хамгийн нөлөө бүхий хошуудын эзэн, хүчирхэг Очирт сэцэн ханы дэмжлэгийг авах нь чухал байсантай холбоотойгоор түүний охин Ануг хатнаа болгожээ. Хошууд аймаг энэ үед хуваагдмал байдалтай болж, зүүн жигүүрийг захирах болсон дүү Аблайн эсрэг тэмцэлд, ойрадын ханаас тусламж авахыг Очирт сэцэн хан ихэд эрмэлзэж байсан тул, Ануг Галданд гэргий болгон өгөх хоёр талын улс төрийн шалтгаанууд харилцан нэгдэн нийлжээ.Зарим мэдээллээр Ану бүр хүүхэд ахуй цагтаа Галдантай ойр дотно байж, Очирт сэцэн ханы өргөөнд өссөн тухай өгүүлдэг. Харин хожим Ану Галдан бошигтын хатан болж, түүний нэгэн насны хань, түшиг тулгуур, шадар дайчин нөхөр нь болж байжээ.
1674 онд Очирт сэцэн хан Галданд үл итгэх болж, хааны харьяат хүмүүсийг хураан авч, Гадцангийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж, эцэст нь бутцохигдсон билээ. Энэ үед Ану эцгийн далдуур ятгаасыг үл хэрэгсэн, бошигт хаан нөхөртөө үнэнч хэвээр үлджээ. Галдан халхын дотоод зөрчилд хөндлөнгөөс оролцон, басхүү 1640 оны дөчин дөрвөн хоёрын их цаазийг хэрэгжүүлэхийн төлөө Чин улстай дайтсан билээ. Гэвч Галдангийн цэрэг олон жилийн дайнд сульдсан учир, хүч нь улам буурсаар халхын гүн рүү шахагдан шороон түмэн дайсны дунд үлдэхэд, дөрвөн ойрадын эзний хатан болсон Ану хатан Галданы хамт мөр зэрэгцэн хэдэн жил бэрх хатуужлыг эдэлсээр хатамжлан явжээ. Энэ үед манжийн хаан өөрийн биеэр гурван замын их цэрэг хөдөлгөн, Галданг цохихоор нэхэн урагшилсаар тэдний эцсийн том тулаан Туулын гол орчим, Тэрэлжийн Зуун модны газар 1696 онд болсон юм.
Төр улсаа эмхлэн хураах олон дайнд оролцох үед нь үргэлж Галдангийн дэргэд байж, харах нүдний чимэг, халуун амийг нь хамгаалах хүч болж, нумын хөвчинд эрхий нь эвэршсэн Ану хатан мөн л энэ Зуун модны орчим болсон тулалдаанд оролцжээ. Чин улсын цэрэг олон болоод бэлтгэл сайтай, ойрадын цэрэг дайнд хатуужин шалгарсан ч, хүч илт дутуу энэ тулалдаан өглөөнөөс үдэш болтол үргэлжилж, Ану хатан бошигт хааны хамт эрэлхэгээр тулалдан, манж цэргийн хүрээг ярж, зам гаргахаар тэмцэлдэж яваад, дайсны суманд оногдон баатарлагаар амь эрсджээ. Зургаан түм гаруй дайсны цэрэг түм хүрэхтэй үгүйтэй ойрад цэргийг ихэд дарав гэж сүр бадруулан бичдэг боловч гагцхүү зуугаад ойрад цэргийг олзолсон нь цөм байлдаанд шарх олж, зэвсэг барин эсэргүүцэж чадахгүй болсон эрс байсан гэж өвгөд өтгөсийн аман домогт хэлэлцдэгээс үзвэл, юутай зориглон тулалдсан нь илэрхий билээ.
…Анугийн мөнгөн дуулга бусдаасаа ялгаран гялалзан харагдана. Урдаас нь мөн хоёр хажуугаас нь исгэрэн орж ирэх бууны сум, зэвт саваан сумыг мэдэрч, тоолохын аргагүй байлаа. Ойрадын шинэ сэргэг, Ану хатныг даган орсон бие хамгаалах шадар цэргүүд тааралдсан болгоноо хярган унагасаар тулалдааны дунд орж ирэхэд аль нь өөрийн, аль нь дайсан болох нь мэдэгдэхгүй үй олон амьтан шавааралдан, тал тал тийшээ сэлгэн цавчилдсаар, дээрээс нь бууны сум мөндөр адил асгарсаар байлаа. Ану хатан барьсан илдээ хурайлан, дэргэдэх цэргүүдээ зоригжуулж, чадахыгаа бас хатган унагааж явав. Анугийн хөтлөн дайран орж ирсэн цэрэг ойрадын гол хүчийг араар нь ороон хааж байгаа манж цэргийг хоёр тийш нь яран, бага хаалга нээв. Ану хүү Сэвдэнбалжирыгаа олж харж чадсангүй. Галданг цавчилдан байгаа барааг олж харсан боловч: “Гэдэргээ ухар” гэсэн үгээ амжуулан дуулгаж чадсангүй, тэгэх зай завдал ч байсангүй. Галдан бошигт хаан ч үхэлдэн тулалдаж явсан болохоор Ану хатнаа олж харах боломж таарсангүй.
Чимээ шуугиан утаа тоос гэдэг юу болж байгааг тоймл ох аргагүй бол гов. Их бууны тэр олон тэсрэлтийн хажуугаар морь үүрсэн янцгаах, наашаа цаашаа гэж хүмүүс хашхиралдах, идд бамбай хавиралдах, ёолж бархирах чарлан хангинах дуу хэн бүхнийг дүлий болгожээ. Гэтэл гэдэргээ ухар гэж хатныхаа илд барьсан гараараа дохихыг Галдан арайхийн олж хараад арга буюу хурдан шаргынхаа амыг эргүүлэн, хараахан битүүрч амжаагүй бага хаалгыг чиглэн довтолголоо. Галдан хаанаа тойрон тулалдаж байсан хүмүүс ч, жанжинаа дагаад байлдааны талбараас гарахыг бодов. Дайсны цэрэг баярлалдан хашгиралдаж, улам ширүүлэн дайравч, Ану хатны шилдэг баатар цэрэг нь нэг ч алхам ухралгүй тулалдсаар ойрадын их цэргийн хүрээнд үлдсэн цэрэгт дайсны бүслэлтээс цөмрөн гарах замыг хамгаалж, олон дахин хүч зэвсэг давуу цэрэгтэй баатарлан тулав. Галдан бошгот Туулын Зуунмодонд хийсэн сүүлчийн их тулалдаанд төмөр хүрээ мэт бүсэлсэн манж хятад цэргийн хүрээг ийнхүү хатны дэмээр сэтлэн гарч, өрнө зүг дөрвөн ойрадын нутгийн зах тэмцэн одов.
Энэ байддыг мэдэрч түүнийг олж харсан Ану хатан ухрах цэргийн ар талыг хаан сэлэм гялалзуулан цавчиж, явган цэргийн дундуур дайран орсонд, хятад буучид дааган бууны амыг Анугийн өөдөөс чиглүүлэн харуулж, чичирхийлэх гараараа бялтыг дарийн аманд хүргэвээс, дааган бууны амнаас гал утаа бурт хийж, ширмэн сум баатар хатны элгэн дэх мөнгөн толинд туссанд, хадуур г хяргуулсан атар газрын цэцэг мэт унав. Хатнаа хамгаалан ар талд нь цавчилдгж байсан ойрад цэрэг морин дээрээсээ газар шүргэн хатныг гар дээрээ өргөн авч дөнгөв. Эзэнгүй болсон Анугийн саарал морь хий самнан, чанга дуугаар янцгаагаад цөөн цэргийн дунд туурай тачигнуулан давхив. Тэр морины янцгаах дуун хүн бүрийн сэтгэлийг шимшрүүлэн, гүн эмгэнэл зарлаж, гамшигт дайнд алтан амь юугаан алдсан Анугийн сүр жавхланг дуудан ирүүлэх гэсэн шиг байсныг анзаарсан хүн нэг биш байв.