Өнөөдөр Москва хотод жоохон бороо орсон тул чийг үнэртэж, цэцэг, навч дэлгэрэн, модод гөлгөлсөн сайхан өдөр боллоо. Академи дээр ном ихтэй байсан тул жаахан оройтож гэрийн зүг явав. Метро \”Парк культуры\”-ээс гараад Москва хотын төв тойрог/Садовое кольцо/ замын автобусны буудал дээр \”т10\” дугаарын траллебус хүлээгээд зогсож байтал, \”т79\” дугаартай нь түрүүлж ирэв. Траллебус зогсохдоо зэрэгцэн метроны шатнаас хоёр гартаа дүүрэн юмтай тор барьсан нэгэн орос эмгэн гарч ирээд саяхан зогссон траллебусыг харангуутаа амжаад суучих санаатай байдаг хурдаараа гүйж байна.
Уул нь шатнаас траллебусын хаалга хүрэх хооронд 30 хүрэхгүй метр зайтай боловч 70 гаруй настай, хоёр гартаа хүнд ачаатай эмгэнд бол хол зай байлгүй яахав. Буудал дээр зогсож байсан 3 хүн ч траллебусны урд хаалгаар цувраад орчихов. Харин \”100 метр\”-т хурд хийж яваа эмгэний хурд, хорогдож буй зайг ажиглаад байхнээ эмгэн яагаад ч амжиж суухааргүй харагдана. Тэгэхээр нь миний ээжээс ялгаа юу байхав гэж бодсон миний бие траллебусад суух гэж байгаа хүн шиг хаалга руу нь шууд яваад очив.
Хаалган дээр нь ирээд суух гээд байгаа юм шиг үгүй ч юм шиг зогсож байгаа намайг харсан жолооч залуу үл ялиг эргэлзэнгээ хаалга хаах товчлуур руу гараа сунгангуут нь нэг хөлөө оруулаад тэгнээд зогсчихов. Энэ үед ашгүй эмгэн ч бөөн амьсгаатай хүрээд ирэнгүүт нь түүнд зай тавьж өгөөд өөрөө хойшоо боллоо. Траллебус хүлээлгэж өөрт нь тус болсоныг ойлгосон эмгэн надруу хараад \”СПАСИБО\” гэж тод чанга хэлэв. Энэ бүхэн ердөө гарын таван хурууны тоонд хүрэхгүй секундын хугацаанд болж өнгөрсөн. Гэсэн хэдий ч траллебусандаа амжиж суусан эмгэн, ардаа хүн үлдээлгүй аваад явж байгаа жолооч, нэг ч гэсэн хүнд тус болсон миний бие сэтгэл хангалуун үлдлээ. Хүмүүсээ бие биедээ бага гэлтгүй туслаж дэмжиж явцгаая.
Р.Энхболд