Өнөөдрийн байдлаар Сөүл хотод агаарын нарийн тоосонцрын (PM2.5) хэмжээ 36 хүрч МУУ гэсэн үзүүлэлттэй гарч байна. Хэрэв энэ тоо 75-д хүрвэл хүний амь насанд аюултай буюу МАШ МУУ гэсэн үзүүлэлт гарна. Гэхдээ БНСУ-д үүнээс дээш үзүүлэлт, хэмжүүр гэж байхгүй. Хэрвээ энэ тоо руу дөхвөл яаралтай онц байдал зарлах хүртэл арга хэмжээ авдаг байна.
Харин Улаанбаатарт энэ тоо дундажаар 436 хүрч байна. 350 байвал бараг гайгүй дээ орж агаарын бохирдлыг үл тоох хандлагатай.
Гэвч бид бүгд чимээгүй үхэж байна. Одоо яах вэ. Агаарын бохирдол аюулын харанга дэлдээд удаж байхад бид өмнөх шигээ хүлцэнгүйгээр гэлдэрсээр байх уу. Бид ч яах вэ, ингээд дүүрч гэж бодьё. Ирээдүй болсон хүүхэд багачуудын минь амьдрал, амь нас дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна.
Уг нь өнгөрсөн хугацаанд маш их мөнгийг агаарын бохирдол, утааг бууруулахад зарцуулсан. Даанч энэ мөнгө үр дүнгээ өгсөнгүй. Хэн нэгний халаас руу орж, хэн нэгний эхнэр хүүхдийг утаанаас дайжиж, далайн эрэг дээр амруулах төлбөр болчихлоо.
Хэн, ямар хэмжүүрээр утаа аюултай байдалд хүргэсэн бэ. Хэн үүнийг тогтоосон бэ гэх асуулт тавиад сууж байгаа гишүүдээс бид юу ч хүлээх вэ дээ. Итгэл алдарч, бас цөхөрч байна.