Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.04.29-ний 11.00 цагийн байдлаар ЭМЯ-наас танилцууллаа.
Энэ үеэр АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Бичил амь халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ч.Баттогтох хүн амын насны бүлэгт суурилан “COVID-19”-ийн ойрын хавьтал, халдварын тархалтын эрчмийг судлах судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулсан юм.
Судлаачид 2020 оны аравдугаар сарын 15-наас Монгол Улсын найман аймаг, хоёр хотын нас, насны бүлгийн 5000 оролцогчдын хамруулсан кохортын судалгаа эхлүүлсэн байна. Үүний 2300 нь хөдөө орон нутаг, 2700 нь хотын оршин суугчид байгаа аж.
Судалгаанд оролцогчдоос гурван сарын зайтай хоёр удаа цусны дээж авч, асуумж судалгаа авсан байна. Улмаар Монгол Улсад “COVID-19”-ийн халдвар дотоодод бүртгэгдэхээс өмнө цуглуулсан 5000 сорьцод шинжилгээ хийхэд 1.2 хувьд нь “COVID-19”-ийн эсрэг бие илэрсэн аж. Эсрэг биеийн тархалт насны бүлэг болон хот, орон нутагт ижил түвшинд ажиглагдсан байна.
Судалгаанд хамрагдсан 5000 оролцогчийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Тиймээс дээрх судалгааны үр дүн нь “COVID-19”-ийн халдварын тархалт хүн амын дунд маш бага түвшинд эргэлдэж байжээ гэх дүр зургийг харуулж байгаа аж.
Харин орон нутагт 2021 оны нэгдүгээр сарын 15-наас, нийслэлд хоёрдугаар сарын 15-наас хойш хийгдсэн буюу Монгол Улсад “COVID-19”-ийн халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш судалгаанд хамрагдагч 5000 хүнд давтан шинжилгээ хийхэд 1.4 хувьд нь эсрэг бие илэрчээ. Энэ нь халдварын тохиолдол 2-3 сарын хугацаанд 0.8 хувиар өссөн гэх тоо аж. Хамгийн гол нь хоёр дахь үе шатны судалгааны статистикаас 30-39 насны иргэд түлхүү өвчилсөн үр дүн ажиглагджээ.
Судалгааг гурван сарын зайтай сорьц цуглуулах байдлаар дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тиймээс судалгааны эцсийн үр дүн оны эцэст танилцуулагдах төлөвтэй байна. Халдварын тархалтын өнөөгийн нөхцөл байдал болон вакцинжуулалтын явцаас шалтгаалж судалгааны дараагийн үе шатуудад үр дүн нэлээд өндөр гарах хандлага ажиглагдаж байгаа аж.