УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Хууль санаачлагчид хуулийн төсөлд оруулж байгаа гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монголын төр сүүлийн 30 жилийн хугацаанд хүн ам зүйн энэ асуудлаар ямар нэгэн бодлого чиглэлийг авч байгаагүй. Хамгийн сүүлд 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын хүн ам зүйн талаар баримтлах чиглэл” гарч байсан. Ингээд 30 жилийн дараа хүн зүйн талаар баримтлах төрийн цогц бодлого шийдвэрийг өргөн барьж байна. Бид малынхаа удмын санг маш их ярьдаг ч хүнийхээ удмын санг хамгаалах, аюулгүй байдлыг хадгалах асуудлыг орхигдуулж ирсэн. Монгол хүний удмын санг хамгаалснаар монгол хүний болон улсын хөгжлийг хамгаалах юм. Монгол хүний удмын санг хамгаалах асуудал бол хар хайрцагны бодлогын асуудал юм. Энэ асуудал дээр хамгийн их зохицуулалт, хяналт хийх шаардлагатай.
Энэ хуулийн төслийг өргөн барьснаар монгол хүний оюуны хөгжил, чадамж, потенциалыг дээшлүүлэх боломж бүрдэх юм. Улс орон хөгжин дэвших асуудал бол хүний хөгжилтэй шууд хамааралтай. Тийм учраас хүнээ хөгжүүлэх, хүн амын удмын санг хамгаалах, хөгжүүлэх шаардлагатай юм. Хэрэв энэ асуудал дээр төрийн зүгээс анхаарал хандуулахгүй орхигдуулах юм бол цус ойртолтын асуудал үүсэх эрсдэлтэй. Монгол Улсын хэмжээнд баг хороон дотроо гэрлэх тохиолдол 85 хувьтай, аймаг дотроо 74 хувьтай байдаг. Үүн дээр төр хяналт тавимаар байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Нөхөн үржихүйн асуудлыг төрийн бодлого, үндэсний хөтөлбөр болгоё гэж үзлээ. Хувь хүн гэр бүлийн асуудал биш үндэсний аюулгүй байдлын асуудал. Цус ойртолтоос сэргийлэх хамгийн зөв арга зам бол угийн бичиг хөтлөх явдал. Улс орон даяар угийн бичиг хөтлөх асуудлыг хэвшүүлье гэж үзэж байна. Хоёрдугаарт, Монголын хүн ам зүйн асуудлыг хариуцсан тодорхой төрийн нэгжтэй болъё гэж үзэж байна. Одоо бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам дээр ганц мэргэжилтэн л байдаг. Үүнийг хариуцсан нэгжтэй болгох хэрэгтэй. Нэгжтэй болсноор удмын санг хамгаалах ажил дээр ахиц дэвшил гарна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Энэ тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Аливаа улсын хөгжил иргэний хөгжил дээр тогтдог. Иргэний хөгжил гэр бүл дээрээ тодорхойлогддог. Тийм учраас гэр бүлийн зөв эдийн засгийн баталгааг бий болгох хэрэгтэй. Энэ утгаараа өнөөдрийн бидний өргөн барьж байгаа хуулийн тогтоол дээр зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад орон сууцны урьдчилгааг төлөх төлөвлөгөөтэй байна. Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна. Тус өрхүүдэд 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Монгол Улсын Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулж ирж байна. Түүнчлэн жирэмсэн болсноос нь эхлээд эхчүүдийг тодорхой хэмжээнд төрийн хяналтад байлгаж цаашлаад төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаа, сувилгаанд байлгах талаар судалж оруулж ирэхийг Засгийн газарт санал болгосон. Шилжилт хөдөлгөөний зөв зүйтэй бодлогыг тусгах болно.