Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтохын баталгаа нь өнөөдөр цэргийн гэхээс илүүтэй дипломат арга зам болсон нь нүцгэн үнэн. Олон улсын дэмжлэг, хүлээн зөвшөөрлийн үр дүнд Монгол Улсын тусгаар байдал, бүрэн эрхт байдал маань оршин тогтнож байгаа. Гэтэл сүүлийн үед гуравдагч хөршийн бодлого, олон тулгуурт гадаад бодлого, дипломат арга замаар тусгаар тогтнолоо хамгаалах бодлого маань хэврэгшиж эмзэг болж байна уу гэвэл, үнэндээ тийм.
2021 онд дэлхийн бодлогыг тодорхойлогч их гүрнүүдийн сөргөлдөөн эрс ихсэв. Ялангуяа, дэлхийн номер нэг, хоёр эдийн засаг бүхий АНУ, Хятадын зөрчилдөөн нэмэгдэж байна. АНУ-д шинэ ерөнхийлөгч сонгогдсон ч, ОХУ-АНУ-ын харилцааны хурцадмал байдал буурах шинжгүй.
Үүнээс болж Хятад-АНУ, ОХУ-АНУ-ын хооронд нөлөөллийнхөө бүсийг булаацалдсан геополитикийн үйл ажиллагаа нь улам идэвхжлээ. Том гео-бодлоготой Хятад, Оросын завсар дахь Монгол Улсын орон зайд ч энэ гурван их гүрний өрсөлдөөн ил тод даамжирч байна.
Энэ үйл явцтай зэрэгцээд АНУ-аар тэргүүлсэн Барууныг сөрж буй манай урд, хойд хоёр хөрш хэл амаа өмнөх жилүүдээс илүүтэй ололцон өөр хоорондоо илүү ойртож байна.
…Засгийн тэргүүн Токиогийн олимпийн нээлтэд оролцож ирэхэд эсвэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь НҮБ-ын чуулган зэрэг олон талт арга хэмжээнд оролцохоор Вашингтон мордсоны маргааш нүүрс гадгашлахаа сааран, бензин шатахуун ховорддог боллоо.
Үүнээс болж хоёр том хөршийн маань Монгол Улс дахь шууд болон шууд бус нөлөө, хамаарал, эдийн засаг, улс төрийн зорилго бүхий үйл ажиллагаа нь илүү их давамгайлан орж ирж байгааг өнөөгийн үйл явдал бэлхнээ харуулав.
Монгол Улсын гадаад бодлогын нэг гол чиглэл болох гурав дахь хөрштэй харилцах үйл ажиллагаа их дарамт, ачаалалд өртөх боллоо. Засгийн тэргүүн Токиогийн олимпийн нээлтэд оролцож ирэхэд эсвэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь НҮБ-ын чуулган зэрэг олон талт арга хэмжээнд оролцохоор Вашингтон мордсоны маргааш нүүрс гадгашлахаа сааран, бензин шатахуун ховорддог боллоо.
Хоёр хөршдөө хамаг хөзрөө атгуулж нүүрс, бензин, хэрэгцээт бүхнээрээ лавтай урхидуулсны лай ланчигийг одоо амсаж байна. Дуртай өдрөө Бээжин нүүрс авахаа больж, Москва шатахуунаараа жаахан хясахад бид амаараа шороо үмхэж байна.
Тусгаар тогтнол, бие даасан байдлын гол ухагдахуун болсон Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааг их амар хялбар мэтээр төсөөлж, түүнд хөнгөн хийсвэрээр хандаж ирсний харгайгаар ийм байдалд хүрчихэв үү гэлтэй.
Дэлхийн бодлого тодорхойлдог энэ их гүрнүүдтэй эн тэнцүү тоглолт хийж, чухамхүү дипломат ур мэхийг уралдуулан “тугалыг нь тураалгүй, эхийг нь эцээлгүй”, эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн авч гарч чадахуйцаар Монгол Улсын гадаад үйл ажиллагааг улам чадваржуулахыг өнөөгийн нөхцөл байдал нэхэн шаардаж байна. Энэ их гүрнүүдтэй сийрэг ухаан гарган чадварлаг тоглолт хийж чаддаг болж улмаар эрх ашгийг нь цогц хослуулахуйцаар дипломат ур чадвараа ахиулж байж баталгаатай оршин тогтнон, эдийн засаг тэлж, өөдлөн дэвжих сайхан зам нээгдэнэ.
Б.Баасансүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин