Согтуурсан буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зохицуулалтыг өөрчилж, чангатгах бодлоготой болох талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр “Цаашид хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан эсэхээс үл хамаарч согтууруулах ундаа хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох өөрчлөлтийн төслийг Засгийн газар танилцуулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа” гэв.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатарын мэдээлснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд авто ослоор 228 хүүхэд амиа алдсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 151,212 зөрчил гарснаас 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагдсан байна.
Одоогийн мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгодог.
Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсвэл жолоодох эрх нь дууссан хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин барьсан бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байгаа билээ.