ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Монгол Улсад хэдэн хууль хэрэгжиж байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар 437 хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Үүнээс 300 гаруй нь журам батлахаар гарсан хууль байна. Улсын нэгдсэн бүртгэлд 2395 журам бүртгэлтэй байна.
Гэтэл 2018 онд манай улс 906 журамтай байсан ч хэдхэн жилийн дотор 2500 болжээ. Үүнээс хог хаягдал, малын тухай зэрэг хуулийн 800 гаруй журмыг ИТХ-аар батлахаар хуульчилсантай холбоотой.
Одоо хэрэгжиж буй 2300 журмын:
- 33 хувь нь сайд нар
- 600 гаруй журмыг Засгийн газар
- Сангийн яам- 88
- ХЗДХЯ- 91 гэх мэт журам баталжээ.
Харин ХЗДХЯ-д бүртгэлгүй 850 журам байгаа нь тогтоогдлоо. Засгийн газраас улс төрийн шийдвэр гаргаж ХЗДХЯ-д бүртгэлгүй 850 журмыг хүчингүй болгож хасна.
Мөн бүртгэлтэй 2500 журмаас 1200 журмыг хасахаар тогтлоо. Засгийн газар болон яамдад батлах журмыг дээд тал нь 500 журам байхаар шийдвэрлэлээ.
Энэ олон журмуудаар дамжуулан хууль тогтоох эрх мэдэл шилжүүлэн авах байдал хавтгайрсан. Албан тушаалтан, сайд дарга нар авлигажих үндэслэл болж, иргэдэд хүнд суртал гаргаж байна. Журмуудыг хүчингүй болгох ажлыг ажлын хэсэг байгуулж зохион байгуулна.
Сүүлийн үед хууль бичдэг мэргэжилтэн туршлагатай хүмүүс цөөрсөн. Хуулийг залхуурч бичдэг дадалтай болжээ. Журмын тухай хуульд “дөрвөн хуудас хуульд 15 журам бичнэ гэж заасан байна. Тэгвэл хуулийн хэрэг юу байна, хууль дэлгэрэнгүй байх ёстой” гэлээ.