Төлөлт хийгдэлгүйгээр 90 хоногоос дээш
хугацаа нь хэтэрсэн зээлийг чанаргүй зээл гэж хэлдэг. Тэгвэл манай арилжааны банкуудын чанаргүй зээл
900 орчим тэрбум төгрөгт хүрээд байна. Тэгвэл банкны систем дээр үүсээд байгаа
энэ бэрхшээлийг арилгахын тулд Активын удирдлагын компани байгуулах гэж МУИС-ын
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Б.Түвшинтөгс
ярилаа.
Энэ компани төсвөөс мөнгө авч, эсвэл
Засгийн газрын бонд гаргаж босгосон мөнгөөр банкуудын чанаргүй зээлийг худалдаж
авах үйл ажиллагаа явуулах аж. Өөрөөр хэлбэл банкуудад учирч буй эрсдлийг
төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх юм байна.
Үнэндээ Монголд банкны чанаргүй зээлийг
худалдаж авах нь битгий хэл, төрийн албан хаагчдынхаа цалинг хугацаанд нь
асуудалгүй тавьчих боломж, чадвар бий билүү. Үүнийг нэг бодоод үзмээр.
Тэгээд ч арилжааны буюу бизнесийн
байгууллагын эрсдэл татвар төлөгчдөд яагаад хамааралтай гэж. Тэгээд ч жил бүр
цэвэр ашиг нь өсч байгаа банкууд өөрсдийн асуудлаа төсөвтэй хутгалдахгүйгээр
шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэж эдийн засагчид харж байна.
Банкуудын цэвэр ашиг: 2013 онд – 229
тэрбум, 2014 онд – 325 тэрбум, 2015 онд – 218 тэрбум, 2016 онд – 176 тэрбум,
2017 оны эхний 3 сарын байдлаар 73.2 тэрбум /түүхэн рекорд/-т хүрээд байна. Энэ
бол орлого биш цэвэр ашиг юм. Тиймээс цэвэр ашгаараа өөрсдийн алдагдлыг нөхөх
бүрэн боломжтой. Банкууд өөрийн хөрөнгө гэхэд 3 их наяд төгрөг байдаг. Тэгэхээр
үүсээд буй нэг их наяд төгрөгийн чанаргүй зээлийн асуудлыг тэд төрийн
оролцоогүйгээр бүрэн шийдвэрлэх боломжтой юм. Харин төр ийм асуудалд бус
цэцэрлэг сургууль барихад тэрбум төгрөгөө зарцуулах шаардлагатай. Тэгэхээр Активын
удирдлагын компани байгуулах шаардлагагүй гэж тайлбарлаж болохоор.