ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байгаа. Гэвч манай ерөнхийлөгчийн орос хэлний орчуулагчийн тухай оросын хэвлэлүүд гайхан, шүүмжлэн бичиж байна. Оросын зарим хэвлэлд
\”Монгол улсыг гутааж байгаа энэ орчуулагчийг хөөвөл таарна” гэж бичих болжээ.Үнэндээ орчуулга тун хангалтгүй байгааг Оросууд битгий хэл Монголчууд ч гадарлаж бас шүүмжлээд эхэллээ. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Орос дахь Элчин сайдын яам Монгол Улсын Төрийн тэргүүнийхээ анхны албан ёсны айлчлалд тун хангалтгүй бэлтгэжээ гэж харагдаж байна. Орос хэлтэй хүн манайд маш их бий. Орос сурч байгаа оюутнууд ч энэ зэргийн орчуулгыг хийгээд явчих боломжтой байх. Гол нь төрийнхөө тэргүүний анхны айлчлалд ач холбогдол өгөөгүй салбар яам л энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой юм.
Уг нь олон улсын ямар ч хурал чуулганд оролцож буй төлөөлөгчийн хэлэх үгийг урдаар орчуулагчид өгч, бэлтгэдэг байлтай. Гэтэл тухайн орчуулагч Ерөнхийлөгч Х.Баттулгын яриаг шууд орчуулах гэж оролдоод Монгол Улсын нэр хүндийг унагах нь тэр. Дэлхийн 50 гаруй орны төлөөлөгчид Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа. Тэд орчуулагчийг, эсвэл ерөнхийлөгчийг буруутгахгүй. Тэд Монголыг, Монгол улсын боловсролын түвшинг л буруутгах болно. Тиймээс Гадаад явдлын яам энэ алдаагаа нэн яаралтай засч, чадваргүй орчуулагчдаа чөлөөлнө гэдэгт итгэж байна.