Май хүүхдээ аваарай! гэх дуунаар Хулан хүнд нойрноос сэрлээ.
Түвшинтэй хөтлөлцөн мөсөн хотхонд тоглож байсан нь, нүд нүд рүүгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зүгээр л зүүд байжээ. Орон дээрээ арай ядан өндийж уа уа орилсон жижигхэн үрчгэр амьтныг гар дээрээ авлаа. Сувилагч:
-Их бүтэлттэй төрсөн болохоор хүчилтөрөгч залгаж байгаад авчирлаа. Хүүхдээ удаан орилуулж болохгүй шүү, тархиндаа даралттай гээд эргэхдээ “Ээж нь гэж бас хүүхдээрээ амьтан шив дээ” хэмээн үглэх нь чих дэлсэв.
Аргагүй ш дээ, Хулан одоо дөнгөж арван наймтай. Мики Маусын зурагтай хөшиг, дэртэй, өрөөгөөр нь дүүрэн Барби хүүхэлдэй, зөөлөн тоглоомтой, бас Бритни Спирсийн фен ээж. Төрөх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгүүрийн цонх харагдана. Цамцныхаа энгэрийг яран тэр жижигхэн амьтныг амлууллаа. “Яг Ананд дүрээрээ. Ингээд ангиасаа хамгийн түрүүнд ээж болдог байжээ. Дөнгөж гарсан хүүхэд ямар царай муутай байдаг юм бэ? Үгүй ээ, гэхдээ хөөрхөн ч юм уу” гэж бодон суутал дэрний хажууд тавьсан утас нь жингэнэлээ. Анандаас мессеж иржээ. “Bagii bid hoior tsonhnii dor baina, Hurdan tsonhooroo haraach huuteigee shuu” гэжээ. Бүсгүй мээмээ шов шов хийлгэж ховдоглон хөхөх тэр жаахан амьтныг энгэрээсээ салгалгүйгээр цонхоор харлаа. Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байв. Харин Ананд Батхаан гэдэг найзыгаа дагуулаад ирчихсэн толгой нүцгэн гар даллан зогсох аж. Тэгснээ гараа амандаа барьж байгаад:
-Хулаан, халуун савтай хоол, унтлагын хувцас авчирсан шүү гэж хашгирахад амнаас нь бөөн уур дэгдэв. Хулан түүнд хайртай эсэхээ мэдэхгүй. Наймдугаар ангиас нь хойш үргэлж халамжлах болсон энэ хүүг зүгээр л ангийн хүүхэд гэж боддог байсан юм.
Мартын наймнаар ангийнх нь хөвгүүд аль охинд бэлэг өгөх өө сугалахад Ананд дандаа Хуланд бэлэг өгч таарна. Бас даалгавар асуух нэрээр дандаа утасддаг, шалгалт дээр сайн дураараа Хулангийн вариантын бодлогыг бодож өгнө. Харин Хулан зэргэлдээ орцныхоо Түвшинд хайртай. Бүр хар багаасаа шүү. Тэр Түвшин нь байрандаа бүү хэл тэр хавьдаа нэртэй дүрсгүй амьтан.
Бүр цэцэрлэгт байхын л өвөл цасаар нүүрийг нь угаах, зун усан буугаараа шалбайтал нь норгох зэргээр Хуланг илүүтэй шоглоно. Гэтэл наймаа төгсөөд есөд ордог жилээ есөн сарын нэгэнд өнөө дүрсгүй гайхал чинь Хулангийн ангид шилжээд ирчихсэн байв. Тааралдах бүртээ шоглуулдаг мөртлөө Хулан бүр жаахан байхаасаа л гадаа гарах бүртээ Түвшинг сэм харуулдаж явдаг. Аавынхаа гадаадаас авчирсан хувцасаар Түвшинд л зориулж гоёдогсон. Хүссэн юм хүзүүгээр гэгчээр ингээд мөрөөдлийн хөвгүүнтэйгээ үргэлж хамт байх болсондоо охин ямар их баярласан гэх вэ? Дунд зэргийн нуруутай, нүдээрээ инээсэн, өтгөн хөмсөгтэй, хэзээ ч ам хуурай байдаггүй хөгжилтэй энэ хүүд ангийн охид их талтай.
Харин Түвшин тэдний дундаас Хуланг хэзээ ч онцолж байсангүй. Ай хөөрхий, задгай хүрэн үс намируулсан янзаган нүдтэй Хулан гэж хөвгүүдийн харцыг булаасан л охин юмсан даа. Гэгээн Валентины өдрөөр “Түвшингээс зүрхэн хэлбэртэй шоколад авахсан, хичээл тараад хөтлөлцөөд алхахсан” гэж Хулан битүүхэн мөрөөдсөөр аравдугаар ангид оржээ.
-Хулангийн гэрээс юм ирсэн байна, гэх асрагч авгайн дуу нандин дурсамжийн болор хэлхээг нь тасалчихлаа. Хүү нь үнэгчлэн үрчигнэнэ. Хулан нэг аяга шар будаатай цай уугаад хөлс нь асгарч, хүүгийнхээ хажууд хэвтэн зүүрмэглэв.
“Нэвсийсэн цастай цав цагаан тал. Байшин ч үгүй, гэр ч үгүй тэр хоосон тал дундуур Хулан Түвшинтэй зэрэгцэн алхаж, цас чахран дуугарна. Тэгсэн мөртлөө яагаад ч юм, тэр хоёр нэгч үг дуугарахгүй хаашаа ч юм яваад, яваад л байх юм.”
Хажуугийн орон дээр хэвтэж байсан хүүхний хүүхэд часхийн уйлах дуунаар Хулан сэрчихлээ. Харин хүү нь унтсаар. Тийнхүү тайван унтаж байгаад нь баярлан бяцхан улаан нүүр рүү нь харж хэвттэл гэнэт үгээр илэрхийлэмгүй их хайр хүрч, нимгэн зөөлөн зулайд нь уруулаа аяархан наав.
Аравдугаар ангид орсных нь өвөл охины хайрын бурхан гадаадад сурахаар яваад өгчээ.
Ангийхан нь Түвшинг гаргаж өгөхөөр бөөнөөрөө нисэх рүү явахад Хулан “ханиадтай” гэж шалтаглаад очоогүй. Тэгээд нөгөө Микки хулганы зурагтай том дэрэндээ нүүрээ наагаад асгартал уйлж билээ. Орой нь Ананд шилтэй аньс барьчихсан иржээ. Сарын дараа Хулан Гэгээн Валентины өдөр Анандаас ягаан туузаар боосон бэлэг авч, хамт шоу үзсэн. Ингээд нэг л мэдэхэд тэр хоёр үерхэж эхлэв.
– Гэтэл хаврын шалгалт эхлэх үеэр Хулан жирэмсэн болчихсоноо мэдсэн юм. Түвшинг мартах л гэж Анандтай үерхсэн нь ямар том алдаа болсныг гэнэхэн охин дэндүү хожуу ухаарчээ.
Яанаа дөнгөж аравдугаар ангиа ч төгсөөгүй байж. Би ямар тэнэг юм хийчихэв ээ! Аав, ээждээ юу гэж хэлнээ! “Хатагтай” эмнэлэгээс гарахдаа Хулан ингэж бодон бөөн бөөн нулимс унаган явсан. Улиасны унгирал хийссэн тэр өдөр шиг их уйлсан удаа түүний амьдралд байсан гэж үү.
-Хүү төрснөөсөө хойш хэдэн цагийн турш Хулангийн хувьд хариулт олдохгүй байгаа нэг асуулт бол Ананд түүний хувьд хэн юм бэ? Нөхөр, сүйтзалуу, хайртай хүн…. аль нь ч биш. Зүгээр л хүүхдийн эцэг.
-Маргааш нь, ээж болсны дараах анхны өглөө. Хүү нь шөнө их уйлсан тул залуухан ээж өчигдрийнхөөсөө илүү ядарчээ. Орных нь хажууд тавиастай гурван ширхэг час улаан сарнай гундаж эхэлсэн нь нэг л уйтай. Гэнэт утас нь дуугарав.
-Байна уу? Хулан уу?, Түвшин байнаа. Чамайг бэбитэй болсонд баяр хүргэе! Цаг үргэлж бодож явсан хүнийхээ дууг сонсоод балмагдсан бүсгүй эхлээд дуугарч чадсангүй. Зүдэргээнт энэ хоёр хоногт сульдсан зүрх нь тогтож ядан булиглав. Нэг сайн амьсгаа аваад:
-Сайн… баярлалаа. Ямар сонин хүн бэ? Чи намайг… үгүй энэ тухай хэнээс мэдээ вэ?
-Ангийнханаас и-мэйл аваад. Хулаан би чамайг л гэж танай сургуульд шилжиж очсон юм ш дээ. Даанч хайртай гэж хэлж амжаагүй юм. Тэгтэл чи ээж болчихдог. Уг нь ..
Гэтэл хүү нь сэрж нярай хонгор ДУУ нь часхийн яриаг нь тасалчихав.
-Хүүхэд чинь үү ? За, за баяртай дараа нь ярья даа. Утас тасран дийд дийд… Хулан хүүгээ хөхүүлэн сууж байхдаа гучхан секундын энэ яриа зүүд л байгаасай гэж ямар их хүсч байв аа. Сүүнд нэвтэрч норсон энгэр рүү нь харууслын хар нулимс бөмбөрөн урссаар хүү хөхөө ховдоглон хөхсөөр л байв. Ай хөөрхий Хулан гэж….
Хулан төрөхөөс гарах боллоо. Анандын аав, ээж хоёр ач хүүдээ нэр өгнө, гэртээ гаргаж авна гээд бөөн хөөр.
Харин Хулан урьд нь хэдхэн удаа л очиж үзсэн, танихгүй шахуу айлд шууд эмнэлгээс гараад очно гэхээр санаанд нь багтахгүй байв. Түвшин утасдсанаас хойш хоёр өдөр өнгөрчээ. “Яг тэр өдрийн орой хөхөнд нь сүү орж” нам унтчих юм бол зангирчихдаг юм.” гэж эмээ нь захисан тул Хулан хөхөө саасаар цурамхийлгүй хонов. Гадаа цас будран, жавар тачигнасан дүн өвлийн шөнө байсан. Шинэ жил дөхсөн баяр хөөртэй шөнүүдийн нэг. Гэрт дүү нь сүлд модоо засчихсан байгаа даа.
Өнгөрсөн жилийн өдийд шинэ жилээр юу хийж байлаа даа байз.
Бүх найз нартаа мессеж явуулаад л, дискодоод л хөгжилтэй байжээ.
Мессеж гэснээс утсаа унтраачихсанаа гэнэт санав. Хүүгээ унтах хооронд түр цурамхийх гээд л унтраачихсан. Одоо асаавал хариу нэхсэн баахан мессеж байгаа даа. Гэвч одоо мессеж шидэлцэж суух зав ч байхгүй, чадал ч байхгүй болжээ. Ээж болсон энэхэн гурван өдөрт Хулан ямар их өөрчлөгдөө вэ?
Хөхөө сааж нойргүй хоносон тэр шөнө Хулан ээжийгээ хайрлах ёстойгоо, эх хүн гэж ямар их энгүй ачтан байдгийг ойлгосон.
Урьд нь шүүдрийн усаар цай чанаж өгвөл эхийнхээ нэг л шөнө өндийж хөхүүлсэн ачийг нь хариулдаг юм гэж сонсч л байсан ч тэгж орой руу орж байсан нь үгүй.
Хулангийн ээж гэж тас тас инээсэн идэрхэн хүүхэн болохоор дуунд гардаг сэгсгэр буурал ээж мээж гэсэн үг инээдтэй санагддагсан. Гэтэл охин өөрөө ясаа яйртал, голоо тасартал өвдөн байж, хүү төрүүлж, нялхарсан биетэй нойргүй хонож байж ээж болохын зовлонг ойлгож ээжийгээ өрөвдсөн нь энэ.
Төрсөнөөсөө хойш хүү нь их уйлав. Өнөөдөр ч уйлагнасаар Хулангийн угийн цагаан царай улам шингэрэн цонхийж, сормуус нь сүүдэртэн тун ч ядрангуй харагдана. Энгэсэгнийхээ толинд нүүрээ нэг харчихаад халуун савнаас шар будаатай цай аягалан орон дээрээ өнцөгдөн суулаа.
Өрөөнийх нь хоёр хүүхэн нэг нь орон дээрээ сандайлж, нөгөө нь хажуулдан хэвтээд хүүхдээ хөхүүлэнгээ нөхөр, хадам, ажлынхаа тухай ам хамхилгүй ярих ажээ. Нэг нь олон оёдол тавиулсан тул сууж болохгүй хажуулдан хэвтсэн нь тэр.
-Хүү гарах байх гэж горьдоод гурван охинтой болчихлоо. Ёстой шатлаа. Манай хүн эхлээд жаахан гонсгор байх шиг байсан. Өөрийнх нь буруу юм чинь яахав дээ.
-Зүгээр ээ. Охин хүүхдүүд алсдаа эцэг, эхдээ ээлтэй.
-Чи ч яахав. Азтай хүн. Хүү, охин хоёртой юм чинь. Би одоо гучин тавтай. Дахин төрнө гэж байхгүй. Уг нь хүүтэй болчихсон бол… Эрчүүд чинь заавал хүү гээд мөрөөдөөд, яриад ядаргаатай ш дээ гэхчлэн хүүхэд нь уйлах юм уу, унтахаас бусад үед далан долоон үг дэлгэх нь яршигтай.
Энэ өдрийн өглөө нь ээж, аав хоёр нь түүнийг төрөхөөс гаргах тухай халуухан ярилцсаныг Хулан мэдээгүй. Хэлээгүй юм чинь яаж ч мэдэх вэ. Анандын ээж шинэ хүнээ гэртээ гаргаж авна гэж тэднийх рүү утасдсанаас бүх юм эхэлжээ. Хулангийн ээж Цэцэгмаа ирээдүйн худдаа тоймтой хариу хэлж чадалгүй өвгөнөесөө асууя гээд утсаа тавьсан. Гэтэл нөхөр нь энэ тухай сонсохыг ч хүссэнгүй.
-Чи чинь юу яриад байна аа. Тэднийх миний охиныг хадаг тавьж гуйгаад ёсолж төрлөөд авсан биш, би охиноо айлд зүгээр нэг өгөөд явуулах юм уу. Би өөрөө очиж гэртээ авчирна гэж Батболд түс тас хэлжээ. Батболд гэж Хулангийн аав..
-Өвгөөн, нэгэнт охины хадмууд гэртээ гаргая гэж байхад. Тэгэад ч Хулангийн малгайг дарж, ороолтыг нь битүүлэн халамжлав.
-Ямар сонин юм бэ? Золоо яагаад гэнэт надад тийм сайн болчихоо вэ гээд Хулан орцныхоо хаалгыг татав.
-Алив тэр улаан амьтныг өндөр эмэг нь үнэрлэе гэсээр эмээ нь хаалга тайлж:
-Миний муу шар бүлтгэр охин ингээд ээж болчих гэж . Ядрав уу гэсээр Хулангийн духыг үнэрлэлээ.Эмээдээ үнсүүлэхдээ л бүсгуй нялхамсан уйлмаар санагдсан ч дорхиноо биеэ барьжээ.
Аавынх нь ээж энэ хөгшний өвөрт өссөн болохоор Хулан нөгөө эмээгээсээ илүү элгэмсүү.
Эмээгийнх нь цаана зогссон ангийнх нь хоёр охин -За баяр хүргэе. Хүүхэд чинь хэнтэй нь адилхан юм бэ.
-Ингээд манай ангийнхан аав, ээж болоод эхэлдэг байжээ гэж дуу шуу болон тэврэлдлээ. Золоо Анандыг үнсэх хооронд Уянга Хулан руу нүд ирмээд авчээ. Энэ бол Золоо яагаад энд байгааг жичдээ ярина гэсэн үг. Золоо хэзээний зангаараа нүүрээ япон кабуки театрын жүжигчин шиг хачин их будсан нь дөнгөж төрөхөөс гарч ирсэн Хулангийн хажууд дэндүу хөгийн харагдах ажээ. Тэдний ангийн хөвгүүд Золтуяагийн нүүрийг хусуураар малтвал хэдэн кг пудр гарах бол гэж шоолдог байсныг санаад Хулан их л инээд нь хүрлээ.
Уянга сурлага муутай ч гэсэн хөөрхөн ааштай дажгүй зүс царайтай охин билээ. Хулан тэр хоёр аль нэгдүгээр ангиасаа үерхсэн багын найзууд. Одоо Швейцарт сурч байгаа Нандин тэр гурав салшгүй гурван найз байсан юм.
-Нандийгаас мэйл ирсэн. Баяр хүргэх гэж чам руу хэд хэд залгаад холбогдож чадаагүй гэж байна лээ. Одоо крисмас болчихсон амарч байгаа гэсэн гэж Уянга зориуд чанга хэллээ.
-Өө тийм үү. Би ядраад утсаа унтраачихсан байсан байх аа гэх зуур Хулан хувцсаа Анандад өгөөд өрөө рүүгээ зүтгэх зуур
-Аагий, нааш нь өгчих. Би өлгөчихье гэж Золоо хачин нялуун хэлэх нь сонсогдсон ч Хулан юм санасан ч үгүй Өрөөг нь цэмцийтэл нь цэвэрлэж салхивч нээснээс гадна орных нь дэргэд хүухдийн шинэхэн модон ор тавьжээ. Тоглоом, торон чимэглэл болсон тэр чамин эдийг хараад баярласан Хулан:
-Ямар хөөрхөн ор вэ гэж дуу алдав.
-Салхивчийг нь хаагаарай. Ананд аа, хүүгээ оронд нь тавья гэсээр ээж нь шурхийн орж ирэв. Энэ үеэр нярай хүү үрчигнэн уйллаа.
-Миний хүү гэхэд сураагүй болохоор эвгүй юм. Ямар хөөрхөн үнэртэй юм дээ. Хэнтэй ч адилхан юм бэ дээ. Хамар, хөмсөг нь надтай адилхан юмуу даа гэж хүүг задлах зуур хажууд нь зогссоор байгаа Ананд ганцаараа шахуу ярина. Хулан хүүгээ хуурайлаад аманд нь хөхөө хийж орон дээрээ сандайллаа.
-Яг л чи дүрээрээ байгаа биз дээ. Хөөрхөн байгаа биз. Би анх хүүгээ харсан чинь эхлээд аягүй царай муутай харагдсаан. Тэгээд мөөмөө хөхүүлсэн чинь нээх өрөвдмөөр. Тэгэхэд нь л аймаар хайр хүрсэн гэж Хуланг ярихад вааранд цэцгийг нь хийн, хүүгийн орыг янзалж байсан ээж нь
-Хөх нь сүүтэй юм.
Яамай, яамай гээд
-Нялх хүүхдийн өрөө агааргүй болчихно. Энэ гурваас бусад нь тийшээ орцгооё гээд үүд хавиар хэрэгт дурлагсдыг гаргаж хаалга хаажээ.
-Миний хайрт, ядарсан уу. Аймаар өвдсөн байх даа гээд Ананд үсийг нь илэн уруулыг шимэн үнсэв. Ядарч нялхарсан бие нь тэр янаг үнсэлтэнд сэрэх шиг ямар нэг юм нуруугаар нь гүйх шиг сонин мэдрэмж төрөхөд бүсгүй өөрийн мэдэлгүй хариу үнсээд санаа алджээ.
-Төрнө гэдэг чинь ёстой аймаар юм аа. Өнөөдөр оёдлоо авахуулсан. Бас л эвгүй юм билээ гэснээ
-Хараач. Манай хүү аягүй ховдог байгаа биз гэснээ ярвайлаа.
-Яасан?
-Зүгээр ээ. Хүүхэд хөхөхөөр сав агшиж ингэж их өвддөг юм гэсэн.
-Аан. Эмэгтэй хүн ч хэцүү юм аа.
-Аагий, хүүдээ хэн гэж нэр өгөх вэ?
-Би бүр бодоод бодоод гоё нэр олдоггүй ээ.
Цонхоор харахад цас чив чимээгүйхэн будрах нь цаг хугацаа зогсчихсон ч юм шиг. Өөрт нь хайртай энэ залууг түшин хүүгээ хөхүүлж суугаа яг энэхэн мөчид үгээр хэлж боломгүй аз жаргалтай байгаагаа Хулан мэдэрч байлаа.
-Би өчигдөр зах орж энэ орыг авсан юм. “Пассаж” төв, ТБД андууд орсон чинь хамаагүй үнэтэй байсан. Харин энийг чамд. За, нүдээ аниарай гээд Ананд алган дээр нь жижигхэн бүлээхэн төмрөн хайрцагтай юм тавилаа.
-Одоо харах уу? гээд Хулан нүдээ нээн харвал алган дээр нь туузаар боосон мөнгөлөг хайрцаг тавьжээ.
-Юу юм бэ, бөгж үү?
-Харин, таа л даа. Миний бэлэг шүү.
Бүсгүй өрөөсөн гараараа хүүгээ тэврэнгээ нэг гараараа хайрцагны тагийг сөхлөө. Жижигхэн циркон шигтгээтэй чамин бөгж хайрцагийг доторлосон хар хамбан дээр од шиг гэрэл цацруулан гялтганах ажээ.
-Ямар гоё юм бэ? Мөнгө юм уу? Баярлалаа.
-Яалаа гэж дээ. Цагаан алт. Би даанч саятан биш болохоор шигтгээ нь алмаз биш. Аавын эгчид нь захиж Сингапураас авчруулсан юм. За, таалагдаж байна уу? гээд хайрцагнаас бөгжийг гарган зүүн гарынх нь ядам хуруунд зүүж өгөв.
Нөхөргүй хүүхэд гаргасан юм шиг. Хүн амьтан юу ч гэх юм билээ.
-Хэн, юу ярьдаг юм. Тэр банди нь ч ямар зан ааштай юм билээ. Зангий нь мэдэхгүй. Ёс төрөөр нь аваагүй улсад охиноо даатгахгүй ээ. Чи эртхэн ирж, гэр орноо янзал. Би охин, зээ хоёроо гаргаж авна. Ингээд л Хулан хүүтэйгээ хамт төрсөн гэртээ гарч ирэхээр болов. Өдрийн гурван цагт аавынх нь саарал “Соната” төрөхийн гадаа ирж зогслоо. Ананд баглаа сарнай барьчихсан гартаа том боодолтой юмтай хүлээлгийн өрөөнд зогсож байв. Нүд нь баяр хөөрөөр гэрэлтсэн Анандыг хараад яг тэр мөчид л Хулан түүнийг хайрлахын төлөө бүхнийг хийхээр шийдлээ. Ананд гоё ногоон цаас, торон чимэглэлтэй ягаан сарнайн баглаагаа түүнд өгөөд уруул дээр нь үнсэв. Цаанаас нь бас Хулангийн ээж гарч ирээд өлгийтэй хүүг авчээ.
-За, миний охин ээж нь үнсье. Гадаа аав чинь машиндаа бий. Яасан хөөрхөн амьтан бэ? гэж ээж нь хэлж, Анандтай булаацалдан нярай хүүгийн духыг үнэрлэлээ.
-Гэртээ харина биз дээ гэж Хулан эрхлэнгүй дуугарав. -Ямар ч байсан 45 хоног гэртээ байлга гэж аав чинь хэлсэн. Хулангийн сэтгэл баяр хөөрөөр дүүрлээ. Амаржих газрын хүлээлгийн өрөөнөөс гарангуут өвлийн жавар хацар хайрах ажээ. Аав нь машинаасаа гарчихсан тамхи татаж зогссоноо шидчихээд ухасхийн хүрч ирлээ.
-За, ингээд аавыгаа өвөө болгочихов уу? гээд духан дээр нь үнэсэхэд нь аавынхаа хурц нүдэнд уярал хайр, бас өрөвдсөн харц гялсхийхийг Хулан мэдэрлээ.
Хүү өвөөгийнхөө машин дотор часхийн уйллаа.
-Эр хүн гэсэндээ дуу нь өөр байна шүү. Одоохон өвөөгийндөө очлоо доо. Гал зээ болох нь дээ гэж ярингаа аав нь байрныхаа урд ирж зөөлхөн зогсов.
-Танай найз Уянга, Золоо хоёр ирж гэр цэвэрлэхэд тусалж байгаа. Худууд ч одоо ирж байгаа байх. Миний охин малгайгаа сайн дарж өмс. Салхи авчихав гэсээр ээж нь түрүүлэн буулаа.
Хулан Анандын гарыг түшин буухдаа дахин Түвшинг бодохгүй юм шүү гэж сэтгэл дотроо андгайлж байв.
Золтуяа ирснийг сонсоод Хулан багагүй гайхлаа. Дэндүү хор шартай, хэр хэмжээнээсээ илүү юманд санаархаж явдаг тэр охинтой Хулан хэзээч дотно найз байгаагүй. Гэтэл төрөхөөс гэртээ гарч ирсэн энэ өдөр нь Золоо гэнэт өөрийнх нь сайн найз болчихсон гэр цэвэрлэлцэх гэж ирдэг ямар сонин хэрэг вэ. Харин Уянга бол түүний хамгийн сайн найз нь билээ.
-Нээрээ, Золоо чиний биеийг асууж над руу зөндөө ярьсан. Би чамд хэлэхээ мартчихаж. Тэгээд өнөөдөр чамайг эмнэлгээс гариа гэсэн чинь өөрөө тусалъя гээд танайд ирчихсэн гэж Ананд хэлээд
Хулан толгойгоо гилжийлгэн бөгжөө харж
-Нээрээ цагаан алт байнаа. Гоё байна гээд хацраа хонхойлгон инээмсэглэхэд нь Ананд:
-Чи ёстой хөөрхөн харагдаж байна гээд хүзүүгээр тэврэн үнсэв.
Хүү нь унтчихжээ. Бүсгүй үе үе инээдтэй гэгч нь өмөлзөн, тэгснээ инээвхиилэн үнэгчлэх тэр жаахан амьтны өчүүхэн улаан духыг зеөлөн үнэрлэн орон дээр нь тавиад :
-Үнэгчлэх нь хеөрхөн байгаа биз? гэлээ.
Энэ үеэр Хулангийн ээж хаалга тогшин
-Хүүхдүүд ээ цай ууцгаа. Худууд ч ирлээ хэмээн дуудав.
Охин ч Анандын гарыг бушуухан мөрөн дээрээсээ авч хаяад:
-Хоёулаа тийшээ оръё. Нээрээ мартсанаа чи хүүдээ үнэг хайчилж өгөхгүй юм уу? гэлээ. Яг энэ мөчид “Ач хүүгээүзнээ “гэсээр Анандын аав Ганхуяг орж ирэхэд араас нь эхнэр нь хамаагүй орж болж байгаа юм уу гэсэн шинжтэй чимээгүйхэн шагайв. Ганхуяг:
-За… бие нь сайн биз дээ? хэмээн түгдэрснээ хүүхдийн ор руу шууд тонгойн
-Алив, Хандаа хараач. Яг эцэг шүү. За тэгээд хэзээ өвөөгийндөө очих вэ? гэхэд эр нехреесөө хамаагүй намбатай авгай нь:
-За, охин минь , бие нь сайн уу? Ашгүй зовлонгүй хоёр яс саллаа гээд хацар дээр нь үнслээ. Энэ хооронд нөхөр нь эргэжхоолой засаад
-Алив гээд хацарт нь хошуу хүргэжээ.
-Хүү гарч ирснээсээ хойш нэг их уйлахгүй л байна. Тийшээ орцгоох уу гэж Хулангийн ээж өрөөний үүдэн дээрээс тэднийг дуудав. Гэтэл тэдний бага охин Бөртэ хичээлээсээ ирж үүргэвчээ үүдэнд шидчихээд
-Эгч ээ, хүүхэд чинь хаана байна? гэсээр өрөөнд дайран оров.
Ээж нь зочны өрөөндөө том ширээзасчихсан аавньтөрсөн өдрөө хийж байгаа юм шиг хоймроо сууж байв.
Хүн бүхэн ам амандаа шинэ хүний тухай ярилцан бэлэг сэлт өгч бяцхан найр шиг юм болж байтал гэрийн эзэгтэйн ээж, аав хоёр хөгшин ирж бас баахан дуу шуу болцгоов.
Хулангийн ээжийнх нь ээж, Их сургуулийн багш эрдэмтэн авгай өглөө Москвагаас нисч иржээ.
-Бид хоёр наашаа гарах гэсээр оройтчихлоо. Охин гайгүй юу, бүр цонхийчихож. Хүргэн хаа байна гэсээр эмээ нь өрөөнд хөл тавилаа. Эмээ нь хуралд суусаар шинэ хүндээ бэлэг авч чадсангүй, Угаасаа дэлгүүр хэсэх дургүй амьтан чинь. Гэхдээ охиндоо залуу ээж нарын энциклопед авчирсан. Хулан Виза карттай бил үү? Үүнийг жич хүүдээ гээд эмээ нь арван мянгатын дэвсгэрт тавыг гарган хүүгийн өлгийд хавчуулжээ. Удалгүй хүү нь ч сэрж, Хулан ч хүмүүсийн шуугианд ядраад өрөөндөө оржээ. Аав нь Анандын эцэг Ганхуягтай тэдний хурим найрын тухай ярьсаар хоцров.
Золтуяаг явангуут Хулан түүнийг яагаад гэнэт нь сайн найз нь болон жүжиглэж ирсний учрыг мэджээ.
-Чи одоо хүртэл мэддэггүй юм уу ? Цаадхи чинь Анандад сайн ш дээ. Тэгээд л энүүгээр эргэлдээд байгаа юм. Тэр салшгүй найз Заяа нь манай Нандиатай зун Бээжинд тааралдаад ярьсан гэсэн. Ямар ч хамаагүй аргаар Анандыг Хулангаас салгаж авна гэж ярьдаг гэсэн, Золоо чамайг зажлахгүй залгих охин гэж бодоорой. Үүдэн дээр нөхрийг чинь яаж үнсэхийг чи хараагүй юмуу? гэж Уянгыг хэлэхэд Хулан
балмагдсандаа:
-За боль доо гэхээс өөр юу ч хэлж чадсангүй.
-Чи Золтуяатай болгоомжтой л байгаарай гэж анхааруулах гэсэн юм.Тийм сурлага муутай юм байж тэр яаж МУИС -д орж чадав аа? Тэгсэн чинь эгч ХУ намын нэг том хүнтэй явдаг болчихсон байгаа юм чинь.
-Нээрээ ноднин хаврын шалгалтын үеэр Золоо Ардчилсан социалист залуучуудын холбоонд ангиараа элсье гээд байсан бил
үү гэж Хулан хэлснээ:
-Тэгээд нууц амрагтай юм бол Анандаар яах гэсэн юм болоо?гэхэд
Уянга:
-Чи юун гэнэн юм бэ? тэр нь авгайтай хүн юм чинь юу гэж Золоотой суух юм бэ. Зүгээр “холгох” гэж тэр хүнтэй явдаг байхгүй юу. Харин Ананд дажгүй царайлаг, бас аав, ээж нь овоо баян болохоор зүүгдэж байгаад алсдаа суучих санаатай байхгүй юу.
-За, за. Тиим учиртай юм бий. Золоог манай Аагийд тиим сайн гэж би ёстой төсөөлсөнгүй. Даанч манайд хүрээд ирсэн байхаар нь би гайхаад байсан юм аа гээд Хулан орныхоо хажуу дахь жижиг ширээн дээрх ваартай цэцгээр оролдон бодлогошров. Өөрөө үнэн хэрэгтээ Анандад биш Түвшинд хайртай шүү дээ. Тиим байж Анандыг өөр охиноос харамлах, хардах эрх бий гэж үү? Хулан хэзээний шударга зантай болохоор ингэж бодохгүй байж чадсангүй. Харин Ананд өөрт нь даанч хайртайг тэр мэднэ. Ногоон өнгөнд дурладаг болохоор нь Ананд түүнийг баярлуулах гэж Солонгос цэцгийн дэлгүүрээс ногоон цаас, ногоон торон чимэглэлтэй энэ үнэтэй баглааг авч өгсөн.
Эмэгтэй хүн дасч хайрладаг гэдэг нь үнэн болов уу даа. Хулан зүүн гарынхаа ядам хуруунд зүүсэн цагаан алтан бөгжөө харлаа. Хаа хол байгаа, өөрт нь одоо хамаагүй шахуу болсон Түвшинг мартаж, Анандыг хайрлая гэж хэдхэн цагийн өмнө сэтгэл дотроо андгайлсан нь яалаа. Энэ бөгжтэй хамт өөрт нь зүрх сэтгэлээ өгчихсөн залууг, хүүгийнхээ эцгийг хэдий болтол хуурах юм бэ? “Амьдрал цаашдаа яаж эргэхийг бүү мэд. Анандтай суухгүй, аав, ээждээ ч дараа болохгүй, бие даагаад амьдрая гэхэд надад чадах юм ч алга. Одоо дөнгөж нэгдүгээр курсын оюутан мөртөө хүүхэдтэй. Хүн яагаад юмыг дандаа өнгөрсөн хойно ухаардаг юм болоо” гэж бодон бүсгүйн сэтгэл хаврын хуйсгануур өдөр шиг тогтож чадахгүй үймрэн байлаа, Гэтэл хаалганы цаана Анандын дуу гарч:
-Надад эсгий олдохгүй юм байнаа. Ер нь тэгээд орчин үед заавал эсгий үнэг хайчлах албатай юм уу? гэсээр орж ирээд:
-Хулаан, энэ болох уу? Лаг гоё үнэг байгаа биз дээ, Аав нь бол дажгүй зураач ш дээ хэмээн ярих зуур хүүхдийнхээ оронд цаасан үнэг уяж байлаа.
-Золтуяа тэр орой гэр рүүгээ ихэд бодлогошрон харьж явлаа. Хэдийгээр мөнгөндөө их нарийн ч гэсэн энэ удаа автобусанд суухыг хүссэнгүй. Их бодож эндээс мянган төгрөг л гарна биз гэж тооцоолоод шар такси барилаа. Хотын төвөөс гурав дөрөвдүгээр хорооллын дэнж рүү давхихад ашгүй зам түгжрээгүй байсан нь аз. Өвлийн жихүүн орой эрт харанхуй болж, зайгүй багшралдах машин тэрэгний утаа, хүмүүсийн амнаас гарах уур, микро автобуснуудын хангинасаи дохио холилдсон их хотын шөнө.
“Хулан хүүхдийг нь гаргачихсан болохоор Ананд минийх гэсэн шиг их байх шив дээ. Надаас хайртыг минь булааснаа одоо болтол мэддэггүй юм байх даа. Тэр салшгүй найз Нандинд нь манай Заяа энэ тухай хэлсэн л байх ёстой юм сан. Хуланг уурлах нь уу яах нь вэ гээд Анандын уруул дээр шимсэн чинь хараагүй дүр үзүүлж ч байх шиг. За, яахав. Би санасандаа хүрэхээс нааш зогсдоггүй хүн гэдгийг чи харнаа. Юуны өмнө Урнаа, Заяа хоёртойгоо нийлж байгаад Анандыг Хулангаас булаах мастер төлөвлөгөө боловсруулна даа. Тэр хоёр Хулангийнд байгаа дээр л Анандад мессеж хаях хэрэгтэй.” хэмээн замын турш юм бодсоор явтал такси гэрийнх нь урд талд “Тумбааш” дэлгүүрийн хажууд ирчихлээ.
-Энэ хойд талын есөн давхрын хамгийн зүүн талын орцны тэнд зогсчих доо гээд цүнхнээсээ мөнгөө гаргахад дуу цөөтэй хөдөө царайтай жолооч 1200 гээд огцом тоормослов. Золтуяа тоолуур руу хяламхийн 1150 төгрөг гарсныг хараад мөнгөө яг тааруулж өгөөд буухдаа:
-Хөдөө царайлчихаад хүнээс 50 төгрөг монжих санаатай бас. Яг надаас монжино ш дээ гэж үглэсээр буужээ. Тэдний орц гэрэлгүй таг харанхуй, бас цахилгаан шат эвдэрчихжээ. Хулангийн амьдардаг, орцондоо дөрөвхөн айлтай шинэ баячуудын тохилог цэмцгэр сууцтай харьцуулахад даанч гутармаар. Орцных нь хогийн хоолой бас л эвдэрсэн бололтой айлууд хогоо шатны хажууд овоолчихсон нь эхүүн муухай үнэртэнэ. “Бүх насаараа ийм муухай орчинд амьдрахгүй юм сан. Хулан надаас юугаар илүүдээ тийм сайхан амьдарч байгаа юм бэ? Тэрний сайных юу байгаа юм, аав, ээж нь л баян юм байгаа биз.” гэж өөрийн эрхгүй Хулангийн тухай бодчихсон харанхуйд тэмтчиж явтал ээж нь залгаж “Хаана явна, манайх махгүй. Аав чинь бас л алга” гээд үглэх янзтай. “Би гэрийнхээ үүдэнд зогсч байна” гээд тэр утсаа таслав. Тэднийх аль дээр үед хонхоо алдсан тул нарийхан савхан модоор өнгөлсөн хуучин хаалгаа байдгаараа нүдэхгүй бол гэрийнхэн нь сонсдоггүй юм.
Түүний хайртай отгон дүү Амараа нь
-Аниа юу? гээд хаалгаа тайлахдаа шууд цүнх рүү нь горьдсон нүдээр харав. Золтуяа цүнхнээсээ гялгар цаастай давсалсан самар гарган дүүдээ өгөөд :
-Цэнгэлтэйгээ хуваана шүү. Бас Аниагийнхаа таабчикийг аваад ир гэлээ. Тэгээд гал тогооноос цухуйж буй ээждээ:
-Надад ганц хоёр мянган цаас байна. Цэнгэл, Амараа хоёрыг 24 цагийн дэлгүүр явуулчих уу гээд түрийвчээ гаргав.
Золтуяа бүр хар багаасаа мөнгө гэдэг юмны үнэ цэнийг ухаарсан хүн. Аль наймдугаар ангиасаа эхлэн хичээлийнхээ дараа хүний лангуунд сууж авсан цалингаа зарим нэг ах дүүгиинхээ өгсөн мөнгөтэй нийлүүлэн хурааж сурчээ. Тэдний ээж Пунсал цэцэрлэгийн багш, аав Дашцэрэн нь манаач хийнэ. Харин ардчилал эхлэхээс өмнө аав нь хивсний үйлдвэрт байхдаа азаар нэг өрөө байр авчээ. Энэ тарчиг амьдрал түүнийг мөнгө байвал үрэлгүй цуглуулж, талх байхгүй бол боорцог хайрчихдаг, хоёр эрэгтэй дүүгээ ээжээсээ илүү асардаг бие даасан хүн болгоход хүргэсэн билээ.
Дүү нар нь мах авчран , ээж нь “Ингэж муу оюутан охиноо мөлжиж суух гэж дээ” хэмээн нөхөртөө үглэн хоол хийж эхэлжээ. Аав нь нэлээд үнэртүүлчихсэн ирсэндээ гэмшин гал тогоонд гурил нухаж суугаа харагдана.
Золтуяа хоёр дүүгиинхээ даалгаврыг хийлгэх зуур өөрийнхөө ширээнд суун маргаашийн семинарт бэлтгэж суулаа. Зурагтаар хэдийнээ Тэрэлтэй цонх” эхэлчихжээ. Тэр хэзээ ч хичээлдээ онцгой сайн хүүхэд байсангүй. Гэхдээ л хэзээний гэрийн даалгавраа хамгийн түрүүнд шалгуулж, мэдэхгүй мөртөө гар өргөн идэвх үзүүлсээр ямар ч багшийн хайрыг татаж чаддаг охин байжээ. Золтуяа эдийн засгийн онолын зузаан номоос семинарын сэдвээ гарган хэдэн гол санааг нь тэмдэглэн цээжилчихээд нууц амраг руугаа мессеж явуулав. Нэг яаманд газрын дарга хийдэг тэр хүнийг нь Бадрал гэнэ. Тэр хоёр өнгөрсөн хавар танилцжээ. МАХН-д залуучуудыг элсүүлэх шоуны үеэр Золтуяа тэр нэг ганган “ах”-ыг нүдэлж аваад танилцахаар шийдсэн. Тэгээд сэргэлэнтэж байж оройн тусгай хүлээн авалтын урилгыг олж , Ах аа, миний нэгж дуусчихлаа. Эмнэлэгт байгаа ээжийнхээ биеийг асуух гэсэн юм. Утсаар чинь нэг залгачих уу?” гэж жүжиглэж байж танилцсан билээ. Тэгээд л харилцаа нь аажимхан гүнзгийрсээр өдрийн амралтад хамт явчихдаг амрагууд болжээ. Бадралтай анх унтахдаа онгон охин болж жүжиглэснээ бодохоор одоо ч түүний инээд хүрдэг юм.
Тийнхүү семинарын дэвтрээ дэлгэчхээд элдвийг эргэцүүлж суутал гар утас нь сулхан чичирхийлэн ширээний тавцанг дүнгэнүүлэв, Бадрал мессежийн хариуд эргээд залгаж байна. Бүсгүй хөмсгөө хөдөлгөн мушийгаад утсаа авлаа.
-Байна уу? Золоо, найз нь хуралтай байна. Маргааш залгая, тэгэх үү?
-За, за. Дандаа хуралтай байх юм. Би чамайг санаад бас баярлалаа гэж хэлэх гэсэн юм.
-Би маргааш завгүй ээ, Харин хоёулаа нөгөөдөр уулзъя л даа.
-Тэгье, тэгье. Миний хөөрхөн Золоо баяртай .
-Вуe.
Ийм товчхон яриа болно гэж санасангүй.
Золтуяа утсаа бүр салгачихаад дэвтрээ хаагаад босов. Тэр гоо сайхны юм авна гэж Бадралаас мөнгө нэхээд зуун мянгыг салгаснаа бодохоор овоо сэтгэл онгойно. Өнөө өглөө картанд нь орчихсон байсан тэр мөнгөнөөс цэцэг, набор авч Хулангийнд очсон билээ. Картнаасаа авсан хорин мянган төгрөгийн ихэнх нь түрийвчинд нь байсан мөрт ээждээ ганц хоёр мянган төгрөгтэй гээд хэлчихсэнээ бодоод эвгүйцэв. Хөөрхий ээж нь одоо дөнгөж дөч хүрч байгаа мөртөө наснаасаа хамаагүй овортой, хувцас хунар муутай явдгийг бодоод их л өрөвдөж байлаа.
Хуланг хүүтэйгээ төрөхөөс гарч ирсний дараа нярай хүүд нэр өгөх гэж бөөн юм болжээ. Хулан хүүдээ Хүслэн гэж нэр өгнө гэж зүтгээд, Анандын аав Мөнх хааны нэрийг ачдаа өгөх санаатай байв. Хуланд энэ нэр ердөө таалагдсангүй. Харин аав, ээж хоёр нь дундыг барьж яахаа мэдэхгүй байтал эмээ нь ирж маргааныг тасалжээ.
-Хэзээ хүнийг ийм удаан нэргүй байлгаж байсийм. Заяа нь гомдох байгаа даа. Өндөр эмэг нь ламаас асуугаад нэр өгчихнө гэснээр бүхнийг шийдэв. Должин эмээ Гандан орж ирээд :
-Есөн улаан мэнгэтэй буянтай хүү төрсөн байна гэж байна. Очир гэж нэр хайрлалаа гэсээр баахан арц хүж уугиулж гарчээ. Богинохон, сонсголонтой энэ нэр бүгдэд таалагдаж арав хоногтой тэр нялзрай амьтны зүүн чихэнд ээж нь Очир гэж гурав шивнэв. Хулангийн нөгөө эрдэмтэн эмээ хүүд нэр өгсөн өдөр уригдаж ирээд зээ охиноо жилийн чөлөө авах хэрэггүй гэж баахан ятгаж байгаад харьжээ.
Хулан өдөртөө хүүгээ асарсаар завгүй өнжинө. Хэдийгээр Ананд “Ратрегз” живхийг уут, уутаар нь авчраад даавуу угаах гэгчийг мэдэхгүй байсан ч хүүхэд асарна гэдэг амаргүй ажээ. Дүү нь хичээлээс ирээд овоо туслах боловч хөгжим, хэлний хичээлдээ явчих тул эгчдээ бараг олдохгүй.
Гэрийнхнийгээ бүгдийг нь явсны дараа нэг өдөр хүүгээ усанд оруулчихаад хэсэг дугхийх гэтэл Америкаас Түвшин ярьжээ. Харин Хулан хүүгээ төрүүлсэн тэр өдрийнх шиг догдолсонгүй, нэлээд тайван байгаадаа өөрөө их л гайхаж байлаа.
-Сайн уу? Хулаан. Би Түвшин байнаа. Хүү чинь том болж байна уу?
-Сайн. Ямар сонин хүн бэ? Миний хүү том болж л байна. Одоо нэг сартай. Чамаар сонин юу байна?
-Би хэлний курсээ удахгүй төгсөх гэж байгаа. Одоо пицца зөөгчийн ажил хийж байгаа. Тэгэхгүй бол ээжийгээ өрөнд оруулаад энд ирчихсэн юм чинь. Мөнгө явуулахгүй бол болохгүй ш дээ. За, энэ ч яахав. Чамд сонин биш байх л даа. Хүү чинь хэнтэй адилхан юм бэ? Анандтай юу, чамтай юу?
-Нүд нь л надтай адилхан юм байна.
-Тэгвэл хөөрхөн нүдтэй хүүхэд гэсэн үг. Би чамд илгээмж явуулсан шүү.
-Яах нь вэ дээ. Ээждээ л мөнгөө явуулсан нь дээр байлгүй.
-Тийм их юм биш ээ. Харин Анандаар битгий авахуулаарай. Бөртэгээ явуулчихгүй юу.
-Яагаад Ананд авч болдоггүй юм бэ? Арай Анандыг хүрвэл дэлбэрчих юм биш биз дээ?
За, юу гэж дээ. Би чиний Анандыг яах ч үгүй. Зүгээр чамд, бас хүүд чинь бэлэг явуулсан юм. Бас…бас чамд ноднин явахдаа өгөх гээд чадаагүй нэг захиа байгаа юм. Чи ноднин яагаад намайг гаргаж өгөөгүй юм бэ? Би чамайг хүрээд ирэх байх гэж нисэх дээр зөндөө харсан.
-Би бүр жаахан бацаан байхдаа л чамд хайртай байсан. Харин чамайг хамар доороосоо ингээд Анандад алдчихна гэж ёстой бодоогүй. Чи хэнийг ч тоодоггүй тийм ихэмсэг охин байсан ш дээ. Тэгээд л би чамд хайртайгаа хэлж зүрхлээгүй байхгүй юу.
-Би ч чамайг надад сайн гэж бодож яваагүй. Эртүүд намайг төрөхөд байхад утасдахад чинь … үгүй, хайртай гэж хэлэхэд чинь гайхсан л даа.
-Би та хоёрыг үймуүлэхгүй ээ. Зүгээр л өнгөрсөн хойно ч гэсэн сэтгэлийг минь мэдэг гэж утасдсан юм . Харин миний тэр захиаг уншчихаад урчихаарай, за юу. За баяртай. Биеэ бодоорой. Баяртай. Хуланг хариу хэлж ч чадаагүй байтал Түвшин утсаа тавьчихлаа. Утас тасран хэдэн мянган км-ийн алсаас дэргэд юм шиг сонсогдож байсан хайртынх нь дуу хоолойн оронд дийд … дийд гэсэн чихэнд чийртэй дуу сонсогдлоо. Цонхоороо харахад ганц ч навчгүй нүцгэн улиас дэндүү уйтай. Хөгжим сонсох гээд гарт тааралдсан нэг цомгийг тавьсан ч чих шуугихаас өөр ямар ч нэмэр болсонгүй. Бүсгүй толгойгоо боосон цагаан алчуураа аваад нүүрэндээ нааж байгаад асгаруулан уйллаа. Орой нүд нь хавдчихсан байхыг хараад Ананд их л санаа нь зовон аргадангуй байхад ч Хулан нүүр өгсөнгүй. Анандад сайн байя гэж хичнээн хичээгээд ч нэг л болж өгөхгүй байлаа. Сүүлдээ цаадхийнх нь ч тэсвэр барагдаад:
-Хулаан, би чамайг гомдоогоогүй байх аа? Тэгээд яагаад надад ингэж муухай аашлаад байгаа юм бэ? гэж хүүгээ тэврэн өрөөнийхөө хаалгыг хааж байгаад асуухад нь ч дуугарсангүй. Хэдийгээр ямар ч гэм хийгээгүй түүнийг өрөвдөж байсан ч угийн гөжүүд зан нь хөдлөөд хүүгээ шүүрч аван ээж, дүү хоёрынхоо инээлдэн цайлж суусан гал тогооны өрөө рүү зүглэв.
-Тэгвэл би харилаа. Яагаа ч үгүй байж чамайг царайчилж айлын тогоо өнгийж сууж чадах ч үгүй гэж залуу хэлээд хувцсаа шүүрэн гарчээ. Ананд үүнээс илүү хатуу үг хэлж чадах ч үгүй хүн билээ. Айлын тогоо өнгийх гэдэг нь өөрийнх нь үг ч биш. Өдөр аав нь уулзаад “Цаад эрх охин чинь хэзээ манайд ирэх гэж байна даа? Эр хүн айлын тогоо өнгийх муухай байдаг юм. Эцэг нь болохоор зун хуримыг чинь хийе гэж байсан. Тэр болтол хүүгээ айлд байлгамааргүй л байна. Эсвэл миний хүү тусдаа гарах уу? Өвөөгийн чинь байр сул байж л байгаа шүү дээ” гэж хэлсэн нь хэрүүлийн үеэр толгойд орж ирснийх билээ.
Хулан тэр хоёрын тийнхүү анх удаа тар тур хийснийг ээж нь гадарласан ч охиноо зовоочихно гэж бодоод асууж чадахгүй дэмий л хадам ээж рүүгээ утасдаж хэлжээ. Аав нь гадаад явчихсан , Ананд тэр чигтээ ирээгүй болохоор тэр шөнө гурван эмэгтэй ганц нярайтай эл хуль оргиод их л эвгүй байлаа.
Харин маргааш нь түүнийг хүүтэйгээ хоёулхнаа байж байтал эмээ нь иржээ. Сэтгэл нь хоосрон гансарч тайвшрах гэж ядахдаа уйлахгүй байхад нь хүүгээ тэврэн сууж байтал хонх дуугарав. “Ийм эрт хэн байдаг байнаа. Бөртэ ирэх болоогүй баймаар юм” гэж бодсоор түүнийг хаалгаа тайлтал эмээ нь инээчихсэн зогсч байв. Хулан өөрийн эрхгүй “эмээ” гээд тэврээд авчээ. Эмээ нь түүний духан дээр үнэрлээд “Хүү нь зүгээр үү? Эмээ нь хүүдээ дэм болж чадахгүй байж хий л санаа зовох юм. Энэ муу улаан амьтан чинь бүр хүн дүрсэндээ орчихож. Зун гэхэд борви нь тэнийчихнээ” гэж ганцаараа шахуу ярин хүүг аваад буйдан дээр суув. Эмгэн ачийгаа нэг л уравгар байгааг нүдний булангаар хараад мэдсэн ч эхлээд өөр юм ярьсаар байлаа. Шууд асуух юм бол гөжүүд зан нь хөдөлчихнө гэж мэдэж байгаа болоод тэр билээ.
-Үгүй, ийм жаахан байж хувцаслачихсан. Бидний үед чинь ой өнгөртөл нь л өлгийдчихдөг байлаа шүү дээ. Чамайг лав эмээ нь таван сар болгож байж дөнгөж цээжийг нь гаргаж өлгийдөж байсан юм даагэж эмгэн ярьсаар. Хулан эмээдээ цай хийж өгөөд хажууд нь сууснаа өөрийн эрхгүй уйлчихлаа.
-За, миний охин битгий усан нүдэл. Толгой нь өвдчихнө. Залуу улс аль сайдаж муудахыг тэр гэхэв. Ананд хүү өнөө орой л хүрээд ирнэ. Нялх биетэй хүн их уйлж болдоггүй юм хэмээн бага байхад нь аргаддаг байсан шигээ үсийг нь илэн ярьсаар Хулан ч овоо тайвширчээ.
-Эмээ, би …би Анандтай суумааргүй байна. Аав, ээжид болохоор хэлж чадахгүй юм. Бүр Анандад өөрт нь ч хэлж чадахгүй юм. Би яах вэ ?
-Юу болж байгаа нь энэ вэ? Охин минь. Эмээдээ сайхан яриад өгөөч.
-Би анхнаасаа Анандтай сууна гэж ерөөсөө бодоогүй. Та мэднэ ш дээ. Манай хуучин байрны Түвшин гээд нэг хүүхэд байсныг. Яагаав, миний төрсөн өдрөөр аавын өгсөн цас оруулдаг шилэн бөмбөлгийг хагалаад тосыг нь гоожуулчихдаг.
-Аа, тийм. Нөгөө айхтар дэггүй золиг уу?
-Харин тийм. Би уг нь тэрэнд сайн байсан байхгүй юу. Тэгээд Түвшин ноднин Америк явчихсан юм. Намайг бүр жаахан байхаас л дандаа шоглож байдаг ч гэсэн аягүй ухаантай, сайн хүүхэд. Чив чимээгүй байсаар байгаад явчихсан болохоор нь би тэрийг намайг тоодоггүй л юм байна гэж бодсон. Тэгсэн чинь намайг төрөхөд байхад Америкаас утасдаад “Чамд сайн байсан” гэдэг байгаа. Өчигдөр бас утасдсан. Би Анандыг хуурмааргүй байна, эмээ. Одоо яах вэ? Надад танаас өөр хэлж ярих ч хүн алга. Аав бол ойлгох л байх. Ээж бол ёстой боож үхнэ биз. Намайг хүн амьтан эцэггүй хүүхэд гаргачихаж гэж бодно гээд төрөхөөс Анандынд аваачих гээд байсан хүн шүү дээ.
-Яадаг юм билээ дээ, охин минь. Сэтгэлгүй байж хүнтэй сууж болохгүй ээ. Ядаж тэр золигийн хүү ингээд хүний сэтгэл үймүүлээд өнгөрсөн хойно утасддаг нь юу вэ? Уг нь Ананд маань сайн л хүүхэд. Охиноо яльгүй эрт л болохоос сайн нөхөртэй болчихлоо гээд эмээ нь баярлаад байсныг яана. Охин минь дахиад түргэдэвзэй. Сайн бод. Хүн бодох тусам ухаан суудаг юм. Яаран шийдэж л болохгүй.
-Тэгвэл эмээ, миний ярьсныг хэнд ч битгий хэлээрэй. За юу. Ялангуяа ээжид.
-Эмээ нь юу гэж хүнд хэлэхэв. Харин охин минь сайн бодоорой. Хүүхэд эцэггүй болгох муу ч гэсэн өөрийнхөө ч, хүний ч амьдралыг үрээд хэрэггүй шүү. Эмээ нь энийг л хэлье дээ. Хүнд зөн совин гэж байдаг юм. Бод гэж ухаан заяадаг. Сайн бодож хөдөлсөн хүн хий бага гаргадаг юм. Эмээ, ач охин хоёрын хооронд ийм нэг аминчхан яриа болж өнгөрснийг хэн ч мэдсэнгүй. Хулан нууцаа эмээдээ ярьж, бага ч гэсэн сэтгэлээ онгойлгожээ.
Маргааш нь Уянга Анандыг дагуулаад ирэв.
-Та хоёр чинь юу болоод маяглаад байгаа амьтад вэ? Суугаагүй байж салж байгаа юм уу, хайшаа юм? Энэ хүүхэд чинь тэгээд эцэггүй өсөх юм уу? Та хоёр одоо зүгээр нэг үерхэж байгаа хүүхдүүд биш. За юу хэмээн босго давангуут л тэр тачигнаж гарав. Ананд юу ч хэлсэнгүй. Хувцсаа өлгөөд шууд хүүхэд унтаж байсан өрөө рүү алхжээ.
Хулан, Уянга хоёр зочны өрөөнд орлоо. Тэр найзыгаа горьдчихно гээд Хулангийн дуртай интоорын компот авчирчээ.
-Май. Нандийгаас ирсэн мэйл. Би чам дээр ирэх гээд завгүй байсаар зөндөө удчихлаа. Манай шалгалтууд эхэлчихсэн. Ядаж бүх хичээлдээ 80-аас дээш оноо авчихвал ээж Бээжингийн Анагаахад явуулна гэсэн юм. Анагаах ч над шиг толгой муутай хүнд барахгүй даваа юм аа. Ингэхэд та хоёр яагаад хэрэлдчихээв?
-Юу ч гэх юм дээ. Нэг л мэдэхэд муудчих юм байна ш дээ.
-Худлаа яриад л. Чи нэг л юм нуугаад байна даа. За, за. Чи нэг л ярихгүй гэж бодсон бол үхэр шиг зөрүүд хүнтэй юу ярихав. Харин Очироогоо үнсье гээд бослоо.
Ананд хүүгээ тэвэрчихсэн цонхны дэргэд зогсч байв. Хүү нь сэрчихсэн нүүрээ эцгийнхээ хацарт учиргүй үрчиж байв.
-Аагий, уур чинь гарсан уу? Компот ид гэж Хуланг хэлэхэд
-Уг нь би ерөөсөө уурлаагүй юм сан. Асуухаар асга гэдэг биз дээ. Тийм ээ, миний хүү? Энэ чинь эр хүн болохоор аавыгаа ойлгоод байгаа юм гээд инээмсэглэв. Уржигдрын бяцхан хэрүүлийг мартчихсан нь царайнаас нь илт. Хулан үүнийг ажиглаад санаа алдан хүүгийн орноос зүүлттэй цаасан үнэгийг харлаа. Хүүгээ үнэг хайчлах эцэггүй болгох , сэтгэлдээ нууцалсан нүцгэн үнэнийг хадгалсаар явах хоёр зам өмнө нь байлаа.
Анандын хувьд ч уржигдрын хэрүүл бас л бага ч гэсэн ул мөрөө үлдээснийг өөрөө мэдрээд байв. Хуланд хайртайдаа, бас хүүгээ гэсэндээ өнөөдөр ирээдүйн хадмындаа буцаад ирсэн ч гэсэн сэтгэлдээ байгаа эргэлзээг үлдэн хөөж чадсангүй. Өчигдөр шалгалтаа өгчихөөд гарч явтал Золтуяа утасдаж:
-Хүү чинь том болж байна уу? Чи өнөөдөр шалгалтаа хэд өгөв? Нялх хүүхэд, авгай хоёроо асраад, хичээлдээ яваад ядарч байна уу? гээд л өөрт нь нэг л санаа тавьсан өнгөөр ярьсан нь их л сайхан санагджээ. Одоо бодоход бүтэн жилийн турш өөрөө л Хуланг гээд нүдээ аваад өгөх шахан гүйснээс биш тэр охин хүний урманд түүнд ганц удаа санаа тавьж байсныг санах гээд чадсангүй билээ. Тэгэхэд л анх удаа Хулан ер нь надад хайртай юм гэж үү? гэсэн эргэлзээ төрсөн. Ялангуяа хүүгээ гаргаснаас хойш хуримын тухай ярихаас байнга бултах болсон нь ямар учиртай юм бол? Тэр хоёр хэдий болтол ингэж өөх ч биш булчирхай ч биш явахыг бүү мэд. Өөрийнх найзууд орой болгон интернетэд суугаад, эсвэл биллиард, диско хэсээд гоё, гоё охин эргуүлээд хичээл номоос өөр санаа зовох юмгүй явахад дөнгөж арван есөн насандаа хадмын хаяа бараадан хүүхэн царайчилж суух нь зөв үү? гэсэн бодол Анандын зүрхэнд нь хургажээ. Магадгүй хэдийгээр Хулан палхийтэл хэлээгүй ч гэсэн түүний хайхрамжгүй хүйтэн харьцаанаас өөртөө хайргүйг нь мэдэрч эхэлсэн ч юм уу.
-Ананд Хулантай муудалцаад гэртээ харьж хоёр хонохдоо эцэг эхдээ болсон явдлын талаар юу ч хэлсэнгүй. Гэвч аав нь түүнийг хараад л тэр хоёрын хооронд нэг юм болсныг шууд гадарлажээ. Тэр гадаадын төслийн байгууллагад ажилладаг тул орой их эрт тарна. Хувийн эмнэлэгтээ хамаг цагаа зориулдаг авгай нь бол мөд гэрийн бараа харахгүй. Мань эр багадаа эхээсээ өнчин хоцорсон тул гэрийн ажилд муухан авгай нараас хамаагүй дээр. Ганц хүү нь хадмындаа суух болсон тул хоол хийж ядах ч юм үгүй. Тэр нэгэн орой эхнэрийнхээ дуртай хоол тахианы гуя шарчихаад, интернетэд холбогдчихсон ертөнцөөс тасарсан мэт таг сууж байтал хуү нь иржээ. Ананд өөрийнхөө түлхүүрээр бүргэд хаалгаа тархийтэл онгойлгон, өрөө рүүгээ гэтэн явтал Ганхуяг:
-Сайн уу, миний хүү? Ганцаараа юу хийж яваа юм гэхэд нь аавынхаа дуунд цочих шахсан хүү нь:
-Өө, аав. Сайн уу? Би нэг ном авах санаатай. Хоноод явдаг юм бил уү гэж илт худал хэлэв.
-Хоол идсэн үү? Хаанаас яваа юм бэ дээ? гээд аав нь гал тогооны өрөө рүү оров.
-Үгүй. Сургууль дээрээс шууд ирлээ. – За. Тэгээд ач хүү сайн уу?
-Сайн.Тоглоом шажигнуулахаар хараад байдаг болсон.
-Энэ хагас сайнд ээж бид хоёр чинь очих санаатай. Ер нь ч Хулан та хоёрын тухай ярилцъя, энэ чинь гэж ярингаа шарах шүүгээнд тахианы гуя халаан, хүүдээ “Edwin” цай аягалж өгөв. Ананд таг дуугүй цай оочлон сууна.
-Юу болоов? Цаад охин чинь элдвийн ааш гаргаа юу?
-Юу гэж дээ гээд Ананд 00 руу орчихов. Энэ нь тийм сэдвээр ярилцах дургүй байна гэсэн үг. Хонх дуугарлаа. Эхнэр нь ирсэн тул хүүгээ цааш нь шалгаасангүй. Авгайнхаа хувцсыг авч өлгөн:
-Хөгшин чинь чамд тахиа шараад. Аа, бас хүү ирсэн гэж байдлыг илтгэв. Дуу цөөнтэй, юманд нэлээд нуруутай ханддаг авгай нь:
-Ананд ганцаараа ирээ юу? гээд хувцсаа солихоор өрөө рүүгээ орлоо.
-Ганцаараа л явна. Сургууль дээрээс явна. Ном авах гэж ирлээ гэнэ. Харваас худлаа. Аягүй бол цаадхитайгаа муудалцаа биз. Тэр Хулан ч ааштай охин шиг харагддаг юм.
-За, муудалцаад юу л шалив гэж. Харин ч Хулан чинь эвдрээгүй гайгүй л хүүхэд харагддаг юм.
-Муу хүүгий минь хөөгөөд явуулсан юм биш үү? Ер нь ганц хүүгээ алийн болгон айлын тогоо өнгийлгөх юм. Манай бэр л болох гэж байгаа юм бол Хуланг ач хүүтэйгээ авчирвал яасан юм бэ?
-За, яахав, яахав. Ананд тэдний тогоог өнгийгөөд байх ч юу байхав. Хулан биеэ тэнхэртэл аавындаа баймаар байгаа байх. Манай энэ ч гэсэн амьдрал үзээгүй хүн ш дээ.
-За, за. Хоолоо идэж үз гээд нөхөр нь нэлээд дургүйцсэн янзтай яриаг нь таслаад гал тогоо руугаа оров.
Аав, ээж, хүү гурав урьдынх шигээ ширээ тойрч суугаад хооллов. Ээж нь ирснээр яриа эгзэгтэй сэдэв рүү дахин хазайсангүй. Нярай ач хүүгийнхээ тухай ярилцсаар нэг мэдэхэд унтах цаг болчихжээ.
Харин маргааш өглөө нь Анандыг явсан хойгуур эцэг, эх хоёр нь нухацтай ярилцав. Ээж нь хэзээний өөрийг нь байхад хүүгийнхээ тухай ярих дургүй зантай. Цагаан сараар хадаг тавин бэр гуйж, Хуланг ач хүүтэйгээ хамт гэртээ авчран зун хуримыг нь хийх нь зүгээр юм гэж тэр хоёр шийджээ. Ийнхүү авгайтайгаа зевлөж байж Ганхуягиин дотор онгойдог ажээ.
Тэр боловсролгүй, гэртээ суудаг авгайтай хүмүүсийг үл ойлгоно. Муу авгай эр хүнд чиргүүл болдог гэж ярих дуртай. Тиймдээч шүдний нэртэй эмч авгайгаараа их бахархана. Үзэл бодлоо хуваалцахад ч, албан тушаал дээшлэхэд ч өөртэй нь эн тэнцүү эхнэр эр хүнд түшиг болдог гэдэгт бат итгэнэ. Дотооддоо тегссен жирийн нэг инженер залуу Лондонд мастер хамгаалан өдий зэрэгтэй яваад танил тал нөлөө ихтэй эхнэрийнх нь дэмжлэг үнэхээр их байсан билээ. Уг нь мань эр оюутан байхдаа хоёр ч удаа эхнэр авахаа дөхөөд тэр хүүхнүүд сэтгэлд нь хүрээгүй тул тэгэс ингэс хийж байгаад л больчихсон юм. Гуч дөхсөн хойноо оройтож ургасан агт араа нь өвдөж авгайтайгаа танилцаж билээ.
Гуниглангуй нүдтэй өндер цагаан хүүхэн шүдийг нь огт евтгөлгүй авч өгсөн нь Цэрэнханд байлаа. Ийм аятайхан хүүхэн аль хэдийн ханьтай болчихсон биз гэж эхлээд бодсон ч гараад сувилагчаас нь ганц бие гэдгийг нь мэдээд авчээ.
Тэгээд л маргаашаас нь эхлээд шүдний эмнэлгийн хоёр давхар цагаан байшинг сахисаар тэр хүүхнээ авч суусан сан. Харин ээжийгээ дууриасан охинтой болох сон гэсэн ганц мөрөөдөл нь л биелээгүй. Эрчүүд дандаа л хүү хүсдэг атал мань эр л охин мөрөөдөж байсан нь сонин.
* * *
Анандыг гэр рүүгээ гүйчихээд буцаж ирсний маргааш нь Хуланд Америкаас илгээмжийн бичиг ирэв. Тэр бичгийг аваад Хулан баярлахаасаа илүү сэтгэл нь бага зэрэг түгшив. Хэдийгээр хайргүй ч гэсэн муудалцаад дөнгөж эвлэрсэн болохоор Түвшингээс илгээмж ирсэн гэхээр Анандыг гомдчих вий гэж болгоомжилж байлаа. Тэгээд дүү охиндоо тэр бичгийг өгч шуудан явуулав. Түвшингээс жижигхэн хайрцагтай юм иржээ. Дүүгээсээ тэр бяцхан илгээмжийг авах гэж гараа сунгахдаа зүрх нь хачин их догдлон түг түг цохилж байлаа. Хүүхэд насны гэнэхэн шохоорхол нь хайр болон дэлбээлсэн ч хоёр биенээ ойлголцоогүй нь дэндүү харамсмаар. Сэтгэлээ нээлгүй алсад одчихсон хайртаас нь юу ирсэн бол гэж яаран өрөөндөө ч оролгүй илгээмжийн боодлыг задаллаа.
Хайрцаг дотроос Хулангийн багын хайртай тоглоом гарч ирлээ. Дотроо бяцхан хөөрхөн байшингуудтай, дээшээ доошоо хааш нь ч харуулсан цас будардаг тэр шилэн бөмбөлгийг аав нь охиндоо Америкаас авчирч өгч билээ. Гэтэл гадаа хүүхдүүдэд бөмбөлгеө үзүүлж зогсоход нь Түвшин чулуугаар хага цохичихсон юм. “Миний цас оруулдаг бөмбөлөг” гээд Хулан санаа алдлаа. Түвшин унэхээр санаанд оромгүй нандин бэлэг явуулжээ.Тэртээ багынх нь олон дурсамжийг санагдуулсан энэ тоглоомыг эвдэлсэн хүнээс нь өчнөен олон жилийн дараа дахин авах юм гэж хэн санах билээ дээ. “Энэ олон жил өнгерчихсөн хойно мартаагүй байна . Түвшин надад үнэхээр хайртай юм байна.” гэж бодохоос гол харлам харуусал зүрхийг нь зүснэ. Бембөлгийн хажууд нь жижигхэн тоглоомон машин хийжээ. Хүний алганд багтмаар жижигхэн мөртөө бүх хаалга, цонх нь онгойдог тэр “Хаммер” жийпийг хүүд нь явуулсан бололтой.
Түвшин багадаа янз бүрийн загварын машин цуглуулдагхүу байж билээ. Хэзээний л гадаа сүүдрэвчний хажууд нэг шинэ машин бариад зогсчихсон, банди нар тэрнийг нь шохоорхон шавчихсан байдгийг санаад Хулан инээд алдчихав. Түвшингийн аав нь салаад явчихсан тул ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Одоо бодоход юм ховор тэр үед ээж нь хаанаас тиим гоё гоё машин олж хүүгээ эрхлүулдэг байсан юм бүү мэд. Хайрцагийн ёроолд дөрөв нугалчихсан цаас байсан нь товчхон захиа байлаа.
“Саин уу? Хулаан. Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Чамтай уулзаад яривал хэзээ ч барагдахааргүй юм шиг санагддаг мөртөө бичих гэхээр санаанд юу ч орж ирэхгүй юм. Би өдөр бүр чиний тухай боддог. Монголд байхдаа л чамд хайртай гэдгээ эртхэн хэлчихгүй яав даа гэж харамсах юм. Одоо яая гэхэв.
Би чамайг хүүтэй болсныг чинь сонсоод ёстой шоконд орсон шуу. Уг нь би чамд өгөх гээд аль эрт энэ бөмбөлгийг авчихсан байсан юм. Одоо бол хүүтэй болсонд чинь баяр хүргээд өгсөн бэлэг гэж л бодоорой. Найман жилийн өмнөх тэнэг дүрсгүй явдалдаа уучлал гуйгаад хайртай тоглоомыг чинь явууллаа. Харин хүүд чинь өгөх юм олдохгүй их зовсон шүү. Би бацаан байхдаа ийм америк цэргийн машинтай болохыг мөрөөддөг байлаа. За, баяртай. Ангийн охин минь чамдаа аз жаргал хүсье. Түвшин ” гэжээ.
Дүү нь дэргэд нь ирчихсэн нэлээд гайхсан байдалтай: -Америкаас авсан бэлэг чинь энэ үү? Энэ чинь танай ангид байсан нөгөө өрөвгөр үстэй ах мөн үү? Танд хүүхдийн тоглоом явуулчихаж гэчихсэн хажууд нь зогсч байв. Хулан юу ч хэлсэнгүй юмаа аваад өрөөндөө оров. Дүү нь гайхсаар хоцров
Хүү нь хоёр сар хүрч, үс нь инээдтэй өрвийн ургаж эхэлжээ. Хүү сэрээд суниан тамшаалж дэрнийхээ даавууг ховдоглон хөхөх аж. Хулан хүүгээ орноос нь авч хөхүүлэнгээ толинд харлаа. Төрснөөс хойш тэр их л турж нүд нь улам ч том болчихсон юм шиг харагдана. Түвшингийн захидлыг гэрийн халатныхаа халаасанд хийгээд хүүгийнхээ бяцхан гараас барин бодлогошров.Түвшингээс илгээмж ирснийг Анандад юу гэж тайлбарлах вэ? Хулангийн өөрийнх нь хамгийн сайн найз Нандингаас бэлэг ирсэн бол өөр хэрэг. Гэтэл жил гаруйн өмнө Америк явчихсан ангийн нэг хөвгүүнээс Хуланд илгээмж яагаад ирэв гэж Ананд мэдээж гайхна. Гайхахаар ч барахгүй хардана. Хулан өөрөө хэзээ ч Анандыг хардаж байгаагүй билээ. Хайртай бол хартай гэж үйлийн үргүй үнэн үг. Хулан ямар түүнд хайртай биш. Харин Ананд бол хайртай ч, хартай ч хүн. Жирэмсэн байхад нь хүртэл эрэгтэй эмчид үзүүлэх дургүй байсан билээ. Хулан худлаа хэлж сураагүй тул шилэн бөмбөлгөө дээш нь доош нь харуулан цас будрахыг харж сууснаа нэг л мэдэхэд:
-За яадаг юм. Түвшин надад хүнээр юм явуулжээ гээд л хэлчихье.
* * *
Юу гэж бодвол бодог хэмээн ганцаараа ярьчихжээ.
Золтуяа хоёр найзтайгаа нийлэн Анандыг булаах “Мастер төлөвлөгөө” гэдгээ ярьж суулаа. Золтуяагийн хамгийн их санаа нийлдэг найз Урнаа хэмээх охин гаднаа хөнгөмсөг царайлдаг ч цаанаа толгой нь элдэв юманд сайн ажиллана. Золтуяа кофе балгангаа:
-За, Урнаа чиний толгой бид хоёрын хажууд л компьютер гэсэн үг шүү дээ. Нэг санаа гаргаж тусал л даа. Муу Золоо ингээд л дандаа авгайтай хүн сахиад суумааргүй л байна шүү гэхэд Урнаа:
-Золоо, чи эхлээд тайван бай. Бодъё. Учрыг нь олъё. Энэ чинь гэхэд Заяа:
-Хулан ёстой их зантай хамраа сөхсөн амьтан байгаа юм. Цаадхи чинь тэгэхдээ манай Золоог Анандад сайн гэдгийг мэднэ. Тэгэхээр цаагуураа бол хардаж л байгаа. Тэр талаас нь л нэг юм бод л доо гэхэд Урнаа:
-За, та хоёр эхлээд чимээгүй байж бай. За юу, Миний бодлоор бол Золоо чи тэр хоёрын хооронд юу болж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй.
-Би тэгээд тэдний гэрт нь дандаа очоод байлтай нь биш дээ.
-Үгүй ээ. Мэдээлэгчтэй болохгүй юу. Тэгээд Анандын эцэг эхтэй танилцаад болж өгвөл талдаа татах хэрэгтэй, Хулан тэднийд биш, тусдаа биш, гэртээ байгаад байна гэдэг чинь нэг юм хэлээд байнаа даа. Тэгж байгаад л нэг шанс гарангуут цаадхийгаа өвөртөө оруулаад ав. Мэдээж сексийн ур чадвараараа миний найз тэр муу Хуланг бут цохино биз дээ гээд тас тас хөхрөв.
-За болиоч дээ. Юун аальгүй юм бэ. Чи ч гэсэн секс машин биздээ.
-Хүуш, машин техник болгоод байгаарай. Ингэхэд чи заавал тэр жулдрай юмаар яах гээд байгаа юм бэ? Эрчүүд мундсан биш дээ. Үе насны банди нар надад лав таалагддаггүй юм. Шал дэмий гэхэд Золтуяа инээхээ больж царай нь хувьсхийгээд явчихав. Тэгээд кофегоо дуустал нь уучихаад хөмхийгөө зууснаа:
-Яадаг юм. Надад бол Анандаас өөр хэн ч хэрэггүй. Та хоёр хүнд дурлахаараа ойлгоноо.
-За дурлал мурлал ч гэх шиг. Чи тэгвэл Бадралтай яагаад явдаг юм бэ?
-Энд Бадрал ямар ч хамаагүй. Тэр чинь надтай суухгүй. Би ч Бадралтай суухгүй. Зүгээр л миний ивээн тэтгэгч байхгүй юу. Хүүе үйлчлэгч ээ, тооцоогоо хийе. Өөр өөрсдийнхөө тооцоог хийчихээрэй. Тэр нь шударга, зүгээр гээд таван зуун төгрөг гарган ширээн дээр тавиад босчээ. Тэр кафенээс гараад харьж явахдаа “Нээрээ Урнаагийн хэлдэг үнэн. Мэдээлэгчтэй болох хэрэгтэй юм байна. Харин хэн байхав. Хуланд хүүхэд асрахад нь туслах хүн ирэх юм гэсэн. Тэр асрагчийг нь элсүүлээд авчих юм байна…” гэж бодсоор автобусанд суулаа.
Ананд тэр орой их л сайхан ааштай, урамтай байлаа. Японд сурдаг найзтайгаа нийлж оруулж ирсэн хоёр жийпээ санаанд оромгүй үнэ хүргээд зарчихсан болохоор тэр. “Да хүрээ” зах дээр хүн хөлсөлж зогсоогоод хэзээ ч тийм үнэ хүргэж чадахгүй. Гэтэл ээжийнх нь нэг найз тэр машинуудыг Монголд ажилладаг гадаадын төслийн нэг байгууллагад зарж өгчээ.
Хулантай дөнгөж эвлэрчихээд л маргааш нь ажил хэрэг нь шууд бүтсэнд хөл нь газар хүрэхгүй баяртай амьтан хүрч ирлээ.
-Хулаан, миний хайрт хаана байна? Би машинуудаа зарчихлаа гэсээр гэгээ татуулан инээмсээр орж ирсэн Ананд Хуланг үгийн солиогүй тэврэн үнсэв. Түвшингээс захидал, илгээмж хүлээн авч сэтгэлд нь хар муур гүйчихсэн Хулан Анандын тэр их баяр хөөрөнд балмагдан:
-Хүүе, тавиач ээ. Миний гар нойтон байхад чинь гээд өөдөөс нь үнссэн ч үгүй.
-Чи баярлахүй байна гэж үү? Бид гурав яг таван сая төгрөгтэй болчихлоо ш дээ. Миний хүү хаана байна? гээд Ананд хүүгийн ор руу очлоо. Хүү нь сэрчихсэн тарвалзаж хэвтэнэ. Гараа сарвалзуулахдаа орноосоо өлгөсөн тоглоомыг цохин шажигнуулаад цочсондоо нүд нь өхөөрдмөөр хөөрхөн бүлтэлзэнэ. Дэрнийх нь хажууд Түвшингээс явуулсан тоглоомон машиныг тавьжээ.
-Миний хүү аавдаа ир. Алив гэснээ Ананд гэнэт тэр тоглоомыг хараад:
-Энэ чинь юу вэ? Яг жинхэнэ “Хаммер” жийп шиг ямар “чка” эд вэ энэ чинь. Хэн өгөө вэ? гээд асуучихав.
Хулангийн зүрх түг түг цохилон нүүр рүү нь халуун юм мэлсхийх шиг л болжээ. Бүсгүй үсээ илж, хүзүүнийхээ гинжээр оролдсоноо:
-Манай ангийн Түвшин байна ш дээ. Түвшин Америкаас хүнээр явуулсан юм.
-Тэр чи бид хоёртой хэзээ тийм лаг найз болчихсон юм бэ? Сонин юм аа.
-Яахав дээ… Бид хоёрыг ангиасаа хамгийн түрүүнд аав, ээж боллоо гээд л хүүд маань бэлэг явуулж болохгүй юу. Чи тэгээд хардаад байгаа юм уу, хаашаа юм? гэж Хулангийн дуунд илэрсэн ундууцангуй өнгө Анандыг дор нь буулгаж авлаа.
-За, за. Болноо, болно.Тэгээд хэн авчирч өгөөв? Шуудангаар ирсэн юм уу?
-Юу …, юу л даа. Түвшингийн ээж нь утасдаад, тэгээд би Бөртэг явуулчихсан юм. Хөөрхөн машин байгаа биз дээ. Энэ удаа Хулангийн хоолой сааралтан бага зэрэг сандарч түргэн түргэн хариулж байгааг залуу анзаарсангүй.
-Тийм байна. Ёстой эр хүний машин байна даа. Хоёулаа энэ машинаа давхиулж үзэх үү? гээд Ананд хүүгээ өрөөсөн гартаа тэврэн тэр бяцхан машиныг хивсэн дээгүүр давхиулж сууснаа:
-Хулаан, хоёулаа өнөө орой “Сөүл”-д хоол идэх үү? гэлээ. Хүүгээ төрснөөс хойш гэрээсээ бараг гараагүй Хулан:
-Тэгье л дээ. Харин Очироог яах вэ? гэж асуугаад баярласандаа:
-Ёстой сайн хүү шүү гээд Анандын үсийг сөргүүлэн илж хамар дээр нь үнслээ. Энэ бол Анандыг баярлуулахад хангалттай шагнал билээ. Тэр хоёрын харилцаа анхнаасаа л тэгш байгаагүй. Бүр тавдугаар ангиасаа эхлэн Хуланд сайн байсан Ананд өсөх тусмаа сэтгэл нь хайраар шатаж явсан. Харин ихэмсэг бардам, эрх танхил, ёстой л талын хурдан хулан шиг омголон Хулан охин Анандад хэзээ ч хайртай байгаагүй. Хулангийн хайрыг татах гэж энэ залуу хичээхийн дээдээр хичээж яваа нь өрөвдмөөр. Бүсгүй хүний зөөлөн сэтгэлээр, ёстой урмыг нь бодсондоо л хааяа шахуу хонгорхон аашлахад нь Ананд ухаангүй баярладаг билээ.
Тэр хоёрыг машин зарсан, эвлэрснээ тэмдэглэхээр “Сөүл”-д суухад Хулангийн аав, ээж хоёр нь бяцхан зээгээ саатуулж үлджээ. Энэ нь ч завшаан болж цаашид бяцхан хүүд асрагч олж өгөх бодлыг Хулангийн аав, ээжид төрүүлсэн ажээ, Бодсоноо дор нь хэрэгжүүлдэг зантай Батболд маргааш нь гэхэд хөдөө байдаг авгынх руугаа ярьж, найм төгсөөд мал дээр гарчихсан нэг охиныг нь асрагчаар авчрахаар болжээ.
Цагаан сар ч болов. Батболд, Цэцэгмаа хоёр хэзээний ууц, сүүл тавьж цагаан сар гэж сүр болдоггүй улс. Гэтэл юу болсон юм, гэрийн эзний ээж Должин хөгшин ганц хүүгийндээ шинэлнэ гээд бөөн хөл хөөр болгочихов. Хулан цагаан сараар эмээдээ очиж нар хамба, нанжин чавга атгаар нь идэн эрхэлдэг асан бага насаа дурсах дуртай. Аавынх нь дүү нар” Ээж зөнөчихсөн юм уу? Нялх хүүхэдтэй айлд амьтан цуглуулж яах нь вэ?” гэж загнасан ч хөгшин дийлдсэнгүй. Хулан ч “Яадаг юм. Эмээ дураараа л болог. Ирэх жил байх ч юм бил үү, үгүй ч юм бил уү?” гэж эмээгээ зад өмгөөлсөн тул цагаан сарын маргаан дарагдсан билээ. Ийнхүү идэш ч бэлтгэж үзээгүй энэ айл анх удаа бүдүүн ирэгийн ууц тавьж, есөн үе таваг засан, монгол ёсоор шинэллээ.
Шинийн нэгний орой. Анандын аав, ээж хоёр хадаг тавьж, Хуланг бэр болгохоор гуйлаа.
Ууган охиноо ёстой төртэй хадамд гаргана гэсэн үгээр хаацайлан дотроо харамласаар суусан Батболд яг тэр мөчид өөрийн эрхгүй хоолой зангируулав. Гал дөлтэй хорин хоёр насанд нь төрсөн ууган охиндоо тэр үйлийн үргүй хайртай. Киевт оюутан байхад нь Хулан төрсөн. Эмээ дээрээ үлдсэн тохойн чинээ охиндоо яаран яарсаар галт тэрэг Наушки дээр ирэхэд тоглоом дүүрэн чихсэн чемоданаа бариад явган гүйчихмээр яардагсан. Хажуу газар ургана аа гэдэг нээ хө Хайлаас модны жам юм аа хө Харийн газар очно оо гэдэг нээ хөө Бүсгүй хүний заяа юм аа хө…
Айлын хуримд уригдан очоод хуучны энэ гунигтай дууг сонсох бүрдээ элэгнээс уяатай хоёр жаахан охиноо ингээд л явуулна даа гэж бодохоор л зүрх нь хөндүүрлэдэг байсан. Өнөөдөр тэр өдөр ирлээ гэж үү? Одоо чинь орчин үе. Охин хүүхэд хадмын газар очно гэж юу байдаг юм гэж бодсон ч өр дээр нь нэг юм хөндүүрлэсээр байлаа.
Ганхуяг авгайтайгаа ижилсүүлэн, үйтэнхуар дээл өмсөөд, бэр гуйж сурсан хэлэмгий нэг нөхөр дагуулчихсэн иржээ. Харин өрөөндөө хүүгээ тэврэн суусан Хулан нэг л удаа зочны өрөөндөө орж, ирээдүйн хадмуудтайгаа золгоод гарчээ. Сэтгэл нь дэнслэн нэг үе юу ч бодохоо больж, нэг үе “Би Анандтай суухгүй. Наад жүжгээ зогсоо.” гэж хашгирмаар санагдаж байв. Аав нь охиноо айлын бэр болно гэж бодохоос дотроо харамлан, сэтгэл нь хямарч, ээж нь зочдод үйлчлэн гүйгээд Хуланг анхаарах сөхөөтэй хүн ганц ч байсангүй. Торгон дээл өмсөн, улаан гамбир малгай толгой дээрээ тавьж, хоймроо донхойтол суусан эмээ нь л ач охин руугаа асуусан харцаар харж байлаа.
“За яахав. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Ананд хүүгийн минь эцэг юм чинь. Ээж аавдаа, бас энэ хүмүүст “Би өөр хүнд хайртай” гэж хэлбэл яаж ойлгох юм бэ? Энэ тоглоомыг дуусгаад л үзье” гэж Хулан эцэст нь шийдлээ. Анандын эцэг Ганхуяг явахдаа:
-За, энэ хоёр хүн манай хүмүүс боллоо. Цагаан сарын дараа ач, бэр хоёроо аваачна шүү гэжээ.
Цагаан сарын хөл үймээн намжсан шинийн гурванд Хулан хүүтэйгээ хадмындаа амьдрахаар очлоо. Хүү нь нярай тул зун хуримыг нь хийтэл тэр гурав Ганхуягийнд амьдрах болжээ. Удалгүй аавынх нь хамаатны улаан хацарт Цэндээ гэдэг охин хөдөөнөөс асрагчаар ирэв. Хулан түүнд хүүхдийн живх солих, хооллох, угаалгын мшин ажиллуулаах гээд нэлээд юм зааж зааварлаад эхэндээ ч ажил нь улам нэмэгджээ. Асрагчийн тухай Золтуяа Анандаас аль хэдийн мэдчихээд “Мастер” төлөвлөгөө одоо л хэрэгжих нь гэж их л баярлав.
Эрх танхил Хулан хадмындаа дасах гэж их хичээж байлаа. Энэ айлын амьдрал тэднийхээс шал өөр, Гэрийн эзэн нь эзэгтэйн ажлаа эрхэлнэ. Харин Хуланд анхнаасаа л таалагдсан дуу цөөтэй, ухаалаг зантай эзэгтэй гэртээ байх нь ховор. Ихэвчлэн оройтож л гэрийн бараа харах ажээ. Тэгэхдээ Цэрэнханд хичнээн ч орой ирсэн бэртэйгээ өдрийн болсон явдлыг ярилцан цай ууж суудаг нь Хуланд их л таалагдана.
Ер нь эднийд ирснээс хойш Хулан Ананд хоёрын харилцаа ч сайжирч байлаа. Амьдралдаа хийсэн алдаагаа засчих гэсэн сэтгэл ч бүсгүйд сэргэжээ. Тэгээд ч хүн гэдэг амьтан юманд амархан дасдаг. Сэтгэлд нь нууцхан гэрэлтэж байдаг хайрын оч Түвшин түүнд амьдралыг нь чимдэг нэгэн гэрэл л болсон шиг санагдах болжээ. Тэгээд ч Анандад тэр багагүй дассан байлаа.
Золтуяа нэгэн өдөр Анандынх руу утасдан асрагч Цэндээ охинтой ярив.
-Саин уу? Миний дүү. Ананд Хулан хоёр байгаа юу?
-Байхгүй. Хүүхдээ салхинд гаргаж байна.
-Аан. Миний дүүг хэн гэдэг юм? Асрагч охин нь мөн үү?
-Намайг Цэндээ гэдэг. Та хэн бэ?
-Эгч нь ангийнх нь хүүхэд байна. Цаад хоёр чинь маргааш завтай болов уу?
-Мэдэхгүй ээ. Ананд ах хичээлээ тараад ажил хөөцөлдөөд явчих байх. Хулан эгч дүүгийнхээ эцэг, эхийн хуралд сууна гэсэн, -Аан, за за. Баяртай, миний дүү.
Утсаа тавьчихаад Золтуяа баярлан алга ташив. “За, маргааш хонгорхон асрагч охинтой нь танилцаад талдаа татчихдаг хэрэг ээ. Тэгсэн цагт эгчийнхээ гарт ороод ирэхгүй хаачихав” гэж ганцаараа ярин утасныхаа дээр өлгөсөн толинд харж өөрийнхөө дүрстэй ирмэлцэн сэтгэл тун ханамжтай босчээ.
Маргааш нь Золтуяа, Ананд, Хулан хоёрын эзгүйд тэднийхээр чихэр жимс барьчихсан очоод Цэндээд:
-Эгч нь энэ хоёрын сайн найз байгаа юм. Манай ангиас төрсөн сайхан хос байхгүй юу, энэ хоёр. За тэгээд манай хоёр чинь хоёулаа зөрүүд зантай. Заримдаа хөөрхөн муудалцчих гээд байдаг юм. Хэрэв цаадуулыгаа түр тар хийвэл эгчдээ хэлчихэж байгаарай, Гэхдээ намайг ингэж ярьсныг битгий хэлээрэй. Би л цаад хоёрыг чинь эвлэрүүлдэг юм хэмээн хөдөөний гэнэн охиныг итгүүлж дөнгөөд явжээ. Ийнхуү Урнаа найзынхаа зөвлөснөөр өөрийн гэсэн мэдээлэгчтэй болж’ авлаа.
Бяцхан хүү нь өдрөөс өдөрт торнисоор Хулан туслагчтай болсон болохоор хичээл номондоо салхи оруулж эхлэв. Тэр аавынхаа мэргэжлийг өвлөхөөр их сургуулийн хуулийн ангид сурдаг билээ.
Гэтэл нэг өдөр Түвшингээс ирсэн захианаас болж хэрэг мандав. Усанд орж байсан Хуланд Ананд халадыг нь аваачиж өгөхөөр шүүрч автал тэр захиа унаад иржээ. Хэнд ч байдаг хэрэгт дурлах зангаас илүү бага зэрэг хардсан Ананд өнөө захидлыг нь аваад уншчихжээ. Ариунаагийн “Чамтай бас чамгүй”-г РМ-ээр сонсож, дагаж дуулаад их л хөгжилтэй байсан Ананд тэр богинохон захиаг уншаад хөшчихсөн мэт болов. Тархи руу нь цус дүүрэх шиг мэнэрэн, зүрх нь ёг хийж:
-Түвшин Хуланд ийм хандтай байжээ. Тэгэхэд би мэддэггүй. Мал шиг л амьтан явах гэж хэмээн амандаа шивнэн толгойгоо барив. Нэг л мэдэхэд Хулан гараад ирчихсэн:
-Чи халад авчрахгүй яав аа? Би алчуураар ороогоод гарчихлаа гээд зогсч байв. Хар, хор уурандаа царай нь цайсан Ананд:
-Энэ юу вэ? гэж сеөнгөдүү хоолойгоор арай ядан асуулаа. Хулан эхэндээ балмагдсанаа:
-Захиа гэж бас л сааралтсан хоолойгоор хариулав.
-Би захиа гэдгийг нь харж байна. Чи намайг битгий “байдалд” оруулах гээд бай. Түвшин та хоёр ямар холбоотой юм бэ? Чи эртүүд Түвшингээс хүүд бэлэг ирсэн мирсэн гээд л байсан. Захиагий нь болохоор надаас нуугаад кармандаа хадгалж явдаг байх нээ? Их доромжлох нь ээ, энэ чинь.
Ананд уурандаа биеэ барьж чадахгүй болсон байлаа. Ядахдаа энэ хэрүүлийн хажуугаар хөгжим чихэнд чийртэй гэгч нь хангинана. Хүү нь сэрэн чарлалаа. Хулан дуугүйхэн шиг хүүгээ очиж авлаа. Хардлага гэдэг хүнийг өөрийн ухаангүй болгодог хойно. Ананд уурандаа тавиур дээрээс хөгжмөө түлхэж унагаад галзуу юм шиг хашгичин:
-Яр шиг л байна. Би ингэж доромжлуулж чадахгүй гэснээ Хулангийн дэргэд үсрэн очиж мөрнөөс нь угз татаад :
-Чи яагаад дуугарахгүй байгаа юм. Энэ ямар учиртай захиа юм бэ гэж амьсгаадан асуулаа.Түрүүнээс хойш ганц ч үг амнаасаа унагаагүй Хулан хачин тайвнаар:
-Ямар учиртайгий нь чи өөрөө мэдэж байгаа юм биш үү? гэх нь тэр. Анандад хэлэх үг олдсонгүй. Ам нь хэд хэд ангалзсанаа дахин уурлаж:
-Чи Түвшингээс ийм захиа авчихаад надад юу ч хэлээгүй биз дээ. Хэрвээ надад нэг хүүхэн хайрын захиа энэ тэр өгөөд л, би нуугаад чамд хэлэхгүй хадгалчихсан бол чи уурлахгүй юу? Чи… гэтэл Хулан үгийг нь таслан:
-Тоож уурлахгүй. Тэгээд ч би чамд далан булчирхайгаа тоочих албагүй гээд нойтон үсээ сэгсэрлээ. Тэр Түвшингээс захиа авсан өдрөө энэ захиаг уншчихаад халатныхаа халаасанд хийгээд таг мартчихжээ. Түүнээс хойш энэ халатыг ч өмссөнгүй. Захианы тухай бодох ч завдал гарсангүй өнөөдрийг хүрчээ. Захианы тухай Анандад хэлэх үү, байх уу гэж нэг хэсэг эргэлзээд дуугүй өнгөрье гэж тэр шийдсэн. Учир нь өөрийнхөө сэтгэл зүрхний нууцыг ямар нэг байдлаар хөндөхийг хүссэнгүй. Гэтэл өнөөдөр тэр захиа нь гарч ирж бөөн хэрүүл тарьчихав.
Гэхдээ бүсгүй Анандыг битүүхэн өрөвдөж л байлаа. Угийн дөлгөөн зантай, тэгээд ч өөртэй нь хэзээ ч ширүүн дориун харилцах нь битгий хөл муухай ч харж чаддаггүй энэ залууг ийм их уурлан хашгичихыг нь анх удаа л харсан нь тэр.
-Юу гэнээ? Чи намайг доромжлоод байгаа юм уу, хайшаа юм? Юуны чинь далан булчирхайгаа тоочих. Түвшин чамд хэзээнээс тийм хандтай байсан юм бэ?
-Би яаж мэддэг юм. Тэгээд ч би чиний өмч биш. Толгой даасан хүн шүү.
-Чи захиагий нь халаасалчихаад яахаараа мэддэггүй юм? Би бол чамаас юугаа ч нууж үзээгүй. Харин чамд надаас нуух юм байдаг юм байна. Одоо л ингэж байгаа юм чинь дараа нь яах хүн бэ. Чи ер нь…
-За, за. Би чамтай хэрэлдмээргүй байна. Хүүхэд сэрээчих гээд битгий хашгичаад бай… Үхсэндээ хүн хардаад байгаа юм, чи гэж Хулан тэсэлгүй хэлчихээд өрөөнөөс гараад явчихлаа… Энэ бол түүний
шазруун зан хөдөлсний шинж. Хулан бол дэндүү шударга зантай. Өдий арван ес хүртлээ хэнийг ч хуурч үзсэнгүй. Эрх танхил өссөний хувьд дургүйгээ хүрэхээр нэлээд шазруун зан гаргачихна. Өөр хүн байсан бол яах гэж тэр захиаг хадгалав даа. Ураад хаячихгүй яав гэж харамсан Анандыг аргадах элдэв шалтаг олох гэж мэтгэх байсан биз. Харин Хулан байгаа юм байгаагаараа гэсэн шулуун зантай хүн болохоор “Яадаг юм. Үнэн юмыг хайш нь нуухав.” гэсэн шинжтэй байсан нь Анандад дэндүү гомдолтой санагджээ. Хаалга савах чимээнээр угаалгын өрөөнд байсан Цэндээ хаалгаар айсан туулайн нүд гарган болгоомжтой шагайж байна. Ананд:
-Миний дүү, ээжийг асуувал намайг оройтно гэсэн гэж хэлээрэй гэчихээд гарах гэснээ орон дээр лагхийн суув. Хуланг сэтгэл тайвшруулах ямар нэг аятайхан уг хэлэх байх гэж хий горьдсондоо түүн шиг хаалга саван гараад явчихаж чадсангүй. Гэтэл өрөөнд салхи татуулан орж ирсэн Хулан хүний урманд түүн рүу ганц аятайхан харц ч шидэлгүй гоёлын ширээндээ суун үсээ сэнсдэж гарлаа. Орон дээр толгойгоо барин суугаад хулгай нүдээр түүн рүү хялам хийн харж байсан Ананд сэнсний шунгинах дуунд тэвчээр алдаж үсрэн босоод “Би өнөө орой ирэх ч үгүй” гэхэд Хулан “Дураараа л болтугай” гэж хэнэггүй дуугарчээ. Уур нь гарахад бэлэн байсан залуугийн сэтгэл рүү энэ үг хувин дүүрэн хүйтэн уе цацчих шиг л санагдав. Ананд хүрмээ шүүрч аваад хаалга саван гарч одлоо. Гадаа хаврын хавсарга тавин улаан шороо шуурч байлаа. Залуу гараашнаас машинаа гаргаад хаачихаа ч мэдэхгүй мөртөө ухасхийн хөдлөв. Сэтгэл нь хоосрон цээжин дээр нь нэг юм тээглэчихээд байлаа. “Хайр гээч нь намайгаа бас л дахин зовоохоо…”гэсэн шүлэг байдагсан. Нээрээ л хайр гэдэг хүнд жаргалаас илүү зовлон авчирдаг ажээ. Сарын өмнө Хулангийнд байхад сэтгэлд нь бугшсан тэр шарх сэдэрсэн ч юм уу, амьдрал түүнд даанч утгагүй санагдаж байлаа. “Энэ охин надад үнэхээр сэтгэлгүй юм байна. Би л дандаа өмнө хойно нь ороод л доошоо ороод байдгаас биш Хулан хэзээ намайг гэж байлаа. Гэтэл одоо элдвийн юмнуудын захиа махиа ч гарч ирж байх шиг. Би ер нь өөртөө хайргүй хүнийг хичнээн царайчлах юм бэ. Больё. Больё” гэж бодсоор хотын төв гудамжаар давхиж явлаа. Гэтэл аз болж Батхаан найзаас нь мессеж ирэв. “Aagii manaid hureed ir chadah uu?” гэжээ. Хулантайгаа муудалцчихаад юу хийх, хаачихаа мэдэхгүй ёстой л гудамж метрлэж явсан залууд татгалзах юу байхав. Батхааных Их дэлгүүрийн хажууханд дөчин мянгатын нэг хуучны байранд суудаг билээ. Анандыг тэднийд ороход Батхаан өрөөндөө бас нэг найзтайгаа хамт тамхины утаанд живчихсэн сууж байв.
-Hi
-Нi. Come on come on. /Ороод ир/ Эр хүн. Авгайтай хүн гэхэд гуравхан минутын дотор ингээд хүрээд ирдэг. За юу уух вэ? гэсээр Батхаан өрөөнөөсөө гарч ирлээ. Ийнхүү монгол англиар хольж ярьдаг нь түүний имиж билээ.
-“Cass” байна уу?
-Yes, гээд Батхаан галт тогооны өрөө рүүгээ алхав. Ананд түүнийг зүгээр л Баагий гэж дуудна. Тэр бол багын найзуудынх нь нэг. Баагий өөртэй нь адилхан сэхээтэн айлын эрх банди нарын нэг билээ. Анандыг Хулантай үерхэхэд хамгийн их дургүйцсэн хүний нэг бол Баагий. “Чам шиг номын хүнд Хулан шиг ихэмсэг охин дэмий дээ. Галтай дөлтэй, нээлттэй охин л чамд таарна” гэж тэр хэлж байсан юм. Гэвч хайр гэдэг юм хүнд хэлж ирэх биш дээ. Дараа нь бас түүнийг хүүтэй болоход нь хүн бүр баяр хүргэж байхад Баагий л ганцаараа “За найз минь чи ингээд өөрөө хүүхдээрээ байж хүүхэдтэй болж ёстой дөнгөнд орлоо доо” гэж палхийтэл хэлж билээ.
Батхаан рок хөгжмийн улаан хорхойтон. Түүнээсээ ч болдог юмуу. түүнээс дандаа этгээд гажууд зан гарна. Хүмүүс инээж байвал тэр хөмсөг зангидаад зогсч байна. Амьтны дургүйцэн ярвахаар юм түүнд болохоор таалагдаж байх жишээтэй. Ямар сайндаа л өрөөнийхөө ханын цаасыг хуулж хаяад улаан будгаар Курт Кобейн, Рок-2000 гэх мэт элдвийн юм сараачин чимэглэж байхав. Тэр өөрийнхөө шүтээн Курт Кобейнтэй адил тийм этгээд зантай ч найзууддаа үнэнч, хүч доройчуудад дээрэлхдэггүй зөөлөн сэтгэлтэй хүн. Энэ чанар нь Анандад их таалагдана. Хэдийгээр эрт хүүхэдтэй болсныг нь шууд буруутгасан ч Хуланг эргэх бүрд нь Анандад хань болж төрөх рүү шогшин, бас хүүг нь гэртээ гарахад.хамгийн түрүүнд эргэж очсон хүн Баагий билээ. Хамгийн инээдтэй нь Баагий хорьхон хоногтой нялзрай хүүд бялтаар бууддаг, бараг дэлэм хэрийн том тоглоомон буу бэлэг болгон өгсөнийг Хулан шоолж, элгээ хөштөл инээжээ. Хөргөгчнөөс цэв хүйтэн пиво авч ирсэн Баагий:
-За найз аа. Чиний нөгөө зарах гээд байгаа машиныг миний найз сонирхоод байна. Танилц, Мөөгий гэдэг юм гэхэд түүний найз гэхээргүй цэмцгэр хувцасласан туранхай залуу:
-Мөнхжин гээд гар барив.
-Ананд
-Тэр машинаа хэд гэж байгаа юм?
-Хэдхэн хоногийн өмнө зарчихлаа гэхэд нь.
Баагий:
-Өө за за. Би чамд машинаа зарахад чинь туслая гэж бодсон юм.
Тэднийг ийнхүү пиво ууж ам халан, “Matrix-3” киног үзэн суух үеэр Золтуяа Анандынх руу утасдав. Цэндээ охин утас авчээ.
-Анандтай ярья.
-Ах байхгүй.
-Өө, Золтуяа эгч нь байна. Ах нь хэзээ ирэх бол?
-Та гар руу нь залгахгүй юу. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй. Уурлаад л гараад явчихсан ш дээ.
Бодсон санаснаа нууж сураагүй хөдөөний охин энэ үгээрээ, Золтуяаг ямар их баярлуулснаа мэдсэнгүй.
Хүсэн хүлээсэн мөч нь иржээ. “Хулан гуайтай хэрэлдчихэж. Одоо миний хөдөлдөг цаг. Өнөөдөр надад Урнаагийн өрөө олдох болов уу.” Гэж хоромхон зуурт элдвийг гялсхийтэл эргэцүүлээд Золтуяа утсаа шүүрч авлаа. Цаг оройн долоо өнгөрч байв. Анандын гар руу залгалаа. Дуугаа зөөлрүүлж тун энхрийхэн өнгөөр:
-Сайн уу? Золоо байна.
Утасны цаанаас хайртай залуу нь урьдынхаасаа илүү уриалгахан дуугарч байнаа:
-Хүүе, ямар сонин хүн бэ? Юу байна?
Золтуяа эхлээд бяцхан Очироо хүүг нь, дараа нь Хуланг асуун тойруулсаар:
-Аагий чи завтай бол тус хүргээч. Манай нэг найзын төрсөн өдөр “Драгон”-д болох юм аа. Намайг гучин минутын дараа хүрээд ир гэсэн. Жоохон бэлэг авчихсан чинь таксины мөнгөгүй болчихлоо. Намайг “Драгон” хүргээд өгч чадахгүй биз? Нялх хүүхэдтэй хүн амжихгүй бол яахав ээ.
Эр хүн гэдэг ийм үедээ энхрийхэн аашилсан эмэгтэй хүнийг цаашаа гэдэггүйг Золтуяа мэдэлгүй дээ.
Yргэлжлэлийг нь Хулан хайрын туужийн номноос үргэлжлүүлэн уншаарай.
Б.Шүүдэрцэцэг” Хулан ”хайрын тууж