Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс валют арилжааны төвүүд иргэний үнэмлэхээр үйлчилнэ. Иргэд хэдий хэмжээний валют солиулахаас үл харгалзан иргэний бичиг баримтаар үйлчлүүлэх бөгөөд шаардлагатай бол валют арилжааны төвүүд үйлчлэхээс татгалзах ёстой. Энэ талаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн
5.4-т Харилцагч энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзвал энэ хуулийн 4.1-д заасан этгээд түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах ҮҮРЭГТЭЙ хэмээн заасан.
Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм. Манай улс FATF-ийн төрлийн байгууллага болох APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн гишүүн бөгөөд “Хар саарал” жагсаалтад орох эрсдэлтэй байгаа билээ. Тус байгууллагаас гаргасан 40 зөвлөмж бүхий стандартыг бүрэн хэрэгжүүлснээр уг жагсаалтад бичигдэхгүй байх боломж бүрдэх юм.
Ирэх оны аравдугаар сар хүртэлх хугацаанд уг стандартыг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд идэвхтэй ажиллаж байна.