Манай орон улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хуулиар нэг мөр тодорхойлж чадалгүй олон жилийг үдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ асуудал сөхөгдсөн ч цаасан дээр батлагдаж чадахгүй явсаар бас нэгэн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөв.
Үндэсний аудитын газар нам, эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг гэж тогтоосон. Гэвч сонгууль хаяанд ирсэн энэ үед хуулийн цоорхойг ашигласан хууль бус байж болох үйлдлүүд гарсаар байна. Тухайлбал, МАН УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдээсээ хөндлөнгийн судалгаа хийлгэх нэрээр тус бүр 50 сая төгрөг авсан талаарх баримт, мэдээллүүд гарч эхлэв.
Нийт 300 орчим гишүүнээс уг татварыг авсан гэх агаад нийт 15 тэрбум төгрөгийн асуудал энд яригдаж байна. “Харин хоёр, гурав дахь шатанд оролцогчдын зарцуулсан нийт мөнгөн дүн нь хэдэн хүн тухайн шатанд тунаж үлдсэнээс хамаарч буурна” гэж эх сурвалжуудад мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, уг судалгааг гурван шаттай, рейтинг өндөртэй хүнийг нь тодруулж шигших зарчмаар явуулсан байна.
Иймд гурван шатны судалгаанд тунаж үлдсэн өндөр рейтингтэй гарч буй хүн тус бүр нь зөвхөн судалгаа хийлгэхэд 150 сая төгрөг зарцуулсан байх магадлалтай. Эх сурвалжуудын мөн мэдээлж буйгаар гурав дахь шатны судалгаанд 80 гаруй хүн тунаж үлдсэн аж.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ