Б.ЭНХБАЯР:Монголын төр хууль тогтоомж, хүний эрхийн асуудал дээр нэг нүүртэй, тогтвортой бодлоготой баймаар байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга Г.Совд гуай “Хүн төрлөхтний түүх бол хүний эрхийн төлөөх тэмцэл” гэж хэлж байсан. Гурван жилийн өмнө Эрүүгийн хууль тогтоомж хүчин төгөлдөр болж, бид иргэдийнхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг шоронд хийхгүй гэж хууль гаргасан. Хэзээ ч итгэл үнэмшил, үзэл бодлыг шоронд хийхгүй. Хорих ялыг худал мэдээлэл тараах, гүтгэхээс авч хаясан. Энэ бодлого дээр МАН, АН хамт байгаа гэж бодож байна. Хүний итгэл үнэмшлийн цаана иргэдийн мэдэх эрх, төрөө хянах, итгэл үнэмшилтэй байх эрх явж байгаа. Миний хувьд 2017 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд манай улс иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын хэрэгжилтийн тайланг хамгаалж байсан. Энэ үеэр үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд хорихгүй байхыг сайшааж байсан. Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд хууль санаачилж, бужигнуулж байна. Энэ бол Монгол ардын намын бодлого гэж харахгүй байна. Тэр дундуу УИХ, Хууль зүйн байнгын хорооны бодлого биш. Хувьдаа энэ төслийг хэзээ ч дэмжихгүй. Иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах гэсэн санаархлыг болимоор байна. Ийм бодолтой ч баймааргүй байна. Нэг гараараа хүний эрхийн бодлого, комиссоо байгуулж, дээдэлж байна гэх боловч нөгөө гараараа хүний хамгийн суурь эрхүүдийг шоронжуулан тухай яриад сууж байж таарахгүй. Нэг бодлого, нэг нүүр, зарчим дээрээ байх ёстой шүү.
Х.НЯМБААТАР:
Намайг хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөг боомилох хууль санаачилж байна гэсэн бодлого бүхий хууль санаачилж байна гэдэг ташаа мэдээлэл явж байна. Сүүлийн үед хүн бүр хэвлэн нийтлэгч болсон, энэ бүхний золиосыг маш олон хүн амсч байна. Өнгөрсөн жил гэхэд сошиал гадуурхалтаас бол долоон хүүхэд өөрийгөө боомилж, нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Би Хууль зүйн сайдын хувьд Монгол Улсад хууль зүйн бодлогыг тодорхойлолцож, хууль тогтоох байгууллагаар батлуулах үндсэн үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар баталгаажуулахаар бид ажиллаж байна. Энэ хууль хоёр жилийн өмнө боловсруулагдсан бөгөөд бүх хүн хэвлэн нийтлэх эрхтэй, бүх хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй хүмүүс дундаас Хэвлэл мэдээллийн зөвлөл төрийн бус байгууллага байгуулая гэж байгаа. Энэ зөвлөл бусдын гомдлыг барагдуулах үүрэгтэй, гүтгэлгийг залруулах үүрэг ногдуулах шийдвэр гаргадаг байх юм. Хэрэв энэ шийдвэрийг биелүүлээгүй бол гомдогч хуулийн байгууллагад гомдлоо гаргана. Зөвхөн нэг жилд өсвөр насны долоон охин сошиал гадуурхалт, сошиал дарангуйллаас болж энэ хорвоог орхисон. Монгол Улсын хууль зүйн бодлого өөрөө бүх хүнд тэгш үйлчилж, хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг. Гүтгэлэг, доромжлол, нийтэд худал мэдээлэл тараах нь ямар үр дагавартайг бид өмнө нь сонсч байсан. Тухайлбал, 2002 онд нэгэн гаалийн байцаагч эмэгтэй бусдын худал мэдээллийн золиос болж нөхөртөө зодуулж, нас барж байсан. Энэ мэдээллийг нийтэд мэдээлсэн сэтгүүлч мөн хуулийн хариуцлага хүлээж байсан. Хортой худал мэдээллийн эцсийн үр дагавар маш аймшигтай. Нөгөө талдаа худал мэдээлэл тараах гэдэгт Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулсан мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зохицуулалт Эрүүгийн хуульд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг дагалдуулж оруулахаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн бас нэг зорилго нь хуурамч хаягнаас илтэд худал мэдээлэл тарааж, түгээж, бусдыг гутаан доромжилдог, сошиал гадуурхлыг бий болгодог үйлдлийг таслан зогсооход оршиж байгаа. Бидний үр хүүхдүүд эрүү саруул нийгэмд амьдраасай гэсэн зорилго хуульд оршиж байгаа гэдгийг онцлоё.