Дэлхийн хамгийн хүчирхэг улс болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно.
Энэ сонгуульд АН-аас нэр дэвших болзлоо АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис хангасан юм. Иймд өнөөдөр тус намаас түүнийг албан ёсоор өрсөлдөгч хэмээн зарлана.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хоёр долоо хоногийн өмнө нэрээ татсан юм.
CBS-ээс хийсэн судалгаагаар Камала Харрис Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трампаас нэг оноогоор илүүрхжээ. Мөн олон мужид тэд адилхан оноотой байгаа бөгөөд эдгээр мужид Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөгчөөсөө таван оноо дутуу байсан аж.
Ардчилсан нам Ерөнхийлөгчид Камала Харрисыг нэр дэвшүүлж буйгаа мэдэгдэхийн сацуу түүний Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ч хэдхэн цагийн дараа зарлана. Одоогоор дөрвөн хүн Дэд ерөнхийлөгчийн нэр дэвшигчээр яригдаж байна.
Харин Доналд Трамп дахин ерөнхийлөгч болбол JD Vance-ийг Дэд ерөнхийлөгчөөр ажиллуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC