Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос өчигдөр боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан нэмэхийг Засгийн Газраас шаардсан. Тэгвэл өнөөдөр Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях болсон талаараа мэдэгдлээ.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “2018 онд багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж манай улсын эдийн засагт байна гэдэг таатай мэдээг хүргэе. Энэ жилийн хувьд эдийн засгийн үзүүлэлт 73,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж гарсан. Жишээлбэл татварын орлого 29,1 хувиар нэмэгдсэн.Монгол улсын эдийн засаг сайжирч байна, тийм ч учраас багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж бололцоо бүрдэж байна.
Багш улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад 30 гаруй сая төгрөгийн цалинтай томоохон уул уурхайн компанийн захирлууд жилд тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авч байна. Энэ бол Монголын төрд мөнгө байна гэсэн үг. Гэхдээ ирээдүйг аврах, оюунлаг толгой буюу багш нарт хүрэх ёстой мөнгийг нь хүргэж чадахгүй байна” гэв.
Ажил хаялтаас үүсэх үр дүнг төр хариуцна
Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны нарийн бичгийн ажилтан н.Цэрэндолгороос зарим зүйлийг тодрууллаа.
-Удахгүй ЭЕШ болох гэж байна. Энэ үед багш нар ажил хаях нь сурагчдын оноонд сөргөөр нөлөөлөх магадлалтай шүү дээ?
-Бусдын хүүхдийн төлөө ажилладаг бид 08.00 -20.00 цаг хүртэл зүтгэдэг ч бага цалин авдаг. Цалингаа нэмүүлэхээр бид 2017 оны аравдугаар сараас эхлэн тэмцсэн. Тэмцлийн үр дүнг хангалттай хүлээлээ. Ажил хаяж, тэмцлийн өөр хэлбэрт шилжихээс өөр арга алга. Ажил хаялтаас үүсэх үр дүнг төр хариуцна. Өнөөдрийг хүртэл төр багш нарын асуудлыг хөсөр хаяж чадсан. Олон улсад бидэнтэй ижил ажил хийдэг хүмүүс 1.6 сая төгрөгийн цалин авч байна. Тиймээс 2019 он хүртэл монголын багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан. Үүний дагуу бидний цалин 2018 оны нэгдүгээр сард бидний цалин 50 хувь нэмэгдсэн байх ёстой. Тиймээс бид эхний ээлжид 50 хувийн төлөө тэмцэж байна. Одоогоор миний цалин 575 мянган төгрөг ч, нийгмийн даатгал зэрэг шимтгэлээ хасуулаад 400 гаруй мянган төгрөг авдаг.
-Ажил хаялт хуулийн дагуу байж чадах уу?
-Боловсролын салбарт 47 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүнэээс 42700 нь багш. Эдгээр багш нарыг хамгаалах ёстой байгууллага нь 100 жилийн түүхтэй Монголын үйлдвэрчний эвлэл. Бид тэдэнд мөнгөө төлсөн болохоор тэд биднийг дэмжин ажиллах ёстой. Бидний үйлдлийг бүх талаар дэмжин ажиллахыг шаардана. Тэмцэл, ажил хаялт бүх зүйл хуулийн дагуу байх болно.