ЗГХЭГ-ын Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэллээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийг хэлэлцсэн, мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бидэнтэй уулзаж ярилцсан. Харин өнөөдөр ЗГХЭГ-ын дарга хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна. Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Ажлын хэсэг өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдаад ирэх даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг ЗГХЭГ-ын дарга МҮЭ-ийн холбооны удирдлага болон багш нараас хүслээ. Мөн МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа