МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий таван гишүүнээ намаас хөөх шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Тодруулбал, М.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат нарыг хөөсөн гэсэн мэдээлэл гарсан юм.
Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит бус хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн. Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар хоорондоо харилцан мэдээллээ солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн. Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй тийм тогтоол шийдвэр гараагүй” гэдгийг албан ёсоор хэллээ.