Өнөөдрийн байдлаар нийслэл доторх 100 орчим чиглэлд явж буй 960 гаруй нийтийн тээврийн дийлэнхэд халдвар хамгааллын дэглэм мөрдөгддөггүйгээс нийтийн тээвэр нь халдвар тархах хамгийн эрсдэлтэй бүс болжээ.
“Иргэн та халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин үйлчлүүлээрэй” гэсэн бичиг автобусны урсах самбар дээр байнга гардаг. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар нийслэл доторх 100 орчим чиглэлд явж буй 960 гаруй нийтийн тээврийн дийлэнхэд халдвар хамгааллын энэ дэглэм мөрдөгддөггүйгээс нийтийн тээвэр нь халдвар тархах хамгийн эрсдэлтэй бүс болжээ.
“Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх үүднээс иргэд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүж, бусад хүмүүсээс нэг метрийн зайтай үйлчлүүлэх, суудал алгасаж суух, автобус доторх QR кодыг уншуулна гэж УОК, НОК-оос шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр бодит байдал дээр дийлэнх нийтийн тээврийн хэрэгсэл дотор халдвар хамгааллын наад захын дэглэм алдагдаж байна. Нийтийн тээврээр нэг өдөрт дунджаар 90-120 мянга хүртэл хүн зорчдог гэх албан бус тоо байдаг бөгөөд иргэдийн зүгээс автобусны тоо, хүрэлцээ муу учраас ажил, хичээлээсээ хоцрохгүйн тулд дүүрэн хүнтэй автобусанд зорчихоос өөр сонголгүй байдгаа хэлж байна
Халдварын тархалт буурахгүй байгаа энэ үед халдвартай иргэн нийтийн тээврээр зорчиход битүү орчинд агаар сэлгэлт муу учраас ойр орчимд байгаа бусад зорчигч халдвар авах магадлалтай. Тиймээс нийтийн тээвэр халдвар тархаах өндөр эрсдэлтэй орчинд ордог байна. Мөн жолооч нар долоо хоногт 1-2 удаа ариутгал хийдэг талаар хэлж байлаа.
Нийтийн тээвэрт халдвар тархах эрсдэлийг тооцоолж, автобусны тоогоо нэмэх, ариун цэвэр, орчин нөхцөлийг нь сайжруулах мөн иргэд хариуцлагатай байх хэрэгтэйг эмнэлгийн байгууллагаас санууллаа.