“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 19 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан өнөөдөр нотлох баримтыг шинжлэх судлах үйл явцаар үргэлжилж байгаа юм.
Үдээс хойших хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Таван толгойн уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замын төсөлд зориулан авсан зээлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.
Ажлын хэсгийн дүгнэлт: Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам, түүний дагалдах байгууламжийн өртөг нь 198 тэрбум төгрөг. Боомтын дэд бүтцийн өргөтгөлийн өртөг 16 тэрбум. Өөрөөр хэлбэл 214 тэрбум төгрөгийн өртөгтэй байсныг Төрийн гаргасан ажлын хэсэг 170 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь эндээс харагдаж байна.
“Эрдэнэс Монгол” компани Хөгжлийн банктай 2014 онд байгуулсан зээлийн гэрээ байна. Энэ гэрээнд зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу авто зам ашиглалтын үйл ажиллагааны орлого болон Улсын төсөвт тусгуулан эргэн төлөх үүргийн хүлээнэ гэсэн байна. Өөрөөр хэлбэл, зээл олгохдоо авто замаас олох үйл ажиллагааны орлогыг нь барьцаалсан гэсэн үг.
Барьцааны гэрээг нь харвал боомтын дэд бүтэц, авто замыг 10 жилийн турш ашиглуулснаас олох байсан орлогыг, авто зам болон дэд бүтцийг өөрийн мэдэлд шилжүүлэн авснаас хойш барьцаанд бариулна гэжээ. Ингээд орлогын нь ч, шилжүүлэн авсан дэд бүтцээ ч барьцаанд бариулсан байна. Тэгэхээр зээлээ төлөх боломжгүй болтлоо явахааргүй. Олсон орлого нь 457 тэрбум төгрөг. Орлогын дансыг нь битүүмжилчихсэн байгаа, шууд суутгах боломжтой. Үгүй гэхэд хөрөнгө нь барьцаалагдсан байхад зээлийн гэрээний үүргийг хангалттай биелүүлэх боломж байсан.
Тэгэхээр төрийн банк нь, төрийн компанийнхаа авсан зээлд аль аль нь хойрго хандсан нь харагдаад байна.