2017
он
гарсаар улсын хэмжээнд жижиг том нийлсэн 145 гаруй түймэр гараад байна. Тэгвэл
яг одоо 22 түймэр асаж байгаа тухай албаны хүн мэдээллээ. Түймрийн голомтон
дээр албаныхан болон сайн дурынхан нойр хоолоо хасан ажиллаж байна. Гэвч хэт
халалтын улмаас хуурайшсан энэ нөхцөлд нэгэнт ассан түймрийг улаан гараараа
унтраана гэдэг тун хэцүү.
Гэхдээ л өдийг хүртэл улаан галтай тэмцэлдэж
байгаа гал сөнөөгч залуус, сайн дурынхандаа талархаад барахгүй нь. 700 гаруй
гал сөнөөгч түймрийн голомтод ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Гэвч эрэлхэг
зоригтон байлаа гээд улайссан гал руу алхаад орох нь юу вэ. Тиймээс л техник
ашиглах нь хамгийн зөв шийдэл. Ойн түймэр хяналтаас гарах гэж байгаа тухай
анхааруулгыг өгч байна. Энэ нь улаан гараараа дийлэхгүй боллоо л гэсэн үг юм.
Уг нь хэдэн сайн онгоц байвал хүнээ
зовоохгүйгээр гал түймрийн голомтыг намжаах боломжтой. Гэвч манайд гал унтраах
болохоор нисээд өгөх онгоц олдохоо байчихдаг сул тал ажиглагддаг. Сая
сонгуулийн үед нийслэл дээгүүр хэчнээн олон нисдэг тэрэг сүлжилдэв. Тэгсэн
мөртлөө гал унтраах болохоор л албаныхан нь мөрөө хавчаад, толгой сэгсрээд
зогсчих юм.
Зориулалтын гал унтраах онгоц гэж байдаг
байх л даа. Өнөөх нь 5-10 сая ам.долларын үнэтэй. Гэхдээ улс нь шатаж байхад 10
сая ам.доллар гаргах нь хэрэгтэй юм шиг. Өгөхгүй гэсэн хүүхдийнхээ мөнгийг өгч,
иргэн бүртээ эрдэнэтийн хувьцаа тараахаар шамдаж байгаа Засгийн газар нэг
удаадаа иргэдээсээ нүүрээ буруулж, хэдэн ширхэг гал унтраах зориулалттай
онгоцтой болчихвол болж л байна. Олон аавын хүү гал унтраах гэж бүгчим ойд
хонон өнжиж, ажиллахгүй шүү дээ. Бодоод л
үзмээр. Энэ жил ассан түймэр дараа жил асахгүй гэх баталгаагүй. Тэгэхээр гал сөнөөгч залуусынхаа гарт хүрз бариулахаа урьдаж байхаар техник хэрэгсэлээ л сайжруулмаар байна даа.