Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн
хөдөө орон нутаг дахь томилолтын 2 дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын
хуулийн байгууллагуудын төлөөлөлтэй шүүхийн шинэтгэлийн талаар хийсэн
уулзалтаар эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
Т.Мэндсайхан, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж,
Шүүхийн мэдээллийн технологиийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нарын ажлын албаны
төлөөлөл бүхий томилолтын баг бүрэлдэхүүнийг сумын Иргэний танхимд өнөөдөр тус
сумын 10 гаруй төрийн захиргааны байгууллагуудын удирдлагууд угтан авлаа.
Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж:
\”Нар ээсэн говь
нутагт зочилж байгаадаа би баяртай байна. Бусад аймгуудтай харьцуулахад танай
нутаг иргэншил, хөгжил цэцэглэлт хоршсон сайхан нутаг юм. Энэ нь байгалийн
баялгаас гадна нутгийн зон олон та бүхний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.
Намайг энэ албыг авахад Монгол Улсын Ерөнхийлөгч \”Та Шүүхийн ерөнхий
зөвлөлийн даргын төдийгүй шүүхийг судалдаг эрдэмтэн хүний хувьд Монголын
шүүхүүдээр тойроорой” гэж захисан. Би 2014 онд ажлаа аваад Сүхбаатар аймгийн
шүүхээс эхлээд хөдөө орон нутгийн шүүхүүдээр явж бодит байдалтай танилцаж, тэнд
ажиллаж байгаа шүүгч, ажилтнуудын чин хүсэл эрмэлзлэлийг сонсохыг зорьж яваа”
гээд шүүхийн шинэтгэлийг эхлүүлэх болсон хүчин зүйлүүд, шалтгаан нөхцлийг
тодотгоод, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлж байгаа шүүхийн шинэтгэлийн
үйл ажиллагааны ахиц ололт, хүндрэл бэрхшээлийг дэлгэрэнгүй ярилаа.
Ханбогд суман дахь Хилийн
боомтын МХЕГ, прокурор, Засаг даргын тамгын газар, Тахарын алба, Замын цагдаа,
гаалийн байгууллагуудын төлөөлөл сонирхсон асуудлаараа харилцсан ярилцсан уулзалтын
төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж \”Шүүхийн шинэтгэлийн
зам дардан яваагүй. Санаа амрах болоогүй байгаа” гэлээ.
Үүний дараа Ханбогд суман
дахь сум дундын шүүхийн үйл ажиллагаатай танилцсан юм. Шүүхийн тамгын газрын
дарга Э.Энхтүвшин, шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Солонго нар угтан авч, шүүхийнхээ
талаар товч танилцуулга хийж, шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл,
байрны гачигдал, шилэн кабельд холбогдсон боловч интернэтийн холболт таарууг
голлон анхаарал хандуулахыг хүслээ. Тус шүүх олон жилийн элэгдэлтэй байранд
прокурорын байгууллагатай хамт байрладаг, эвлэрүүлэн зуучлал, агуулах, номын
сан нь тусдаа салангид ажилладаг, сантехникийн хэвийн үйл ажиллагаа доголдолтой
зэрэг ажиллах орчны тулгамдлыг нь Шүүхийн ерөнхий зөвлөл ирэх онд багтаан
хөрөнгө оруулалт хийж асуудлыг шийдвэрлэх болов.
Шүүхийн ажлын ачаалал,
шүүгч, ажилтнуудын мэдлэг чадварыг ахиулах сургалт, шүүхийн дэд бүтэц, аюулгүй
байдал, шүүхийн эдийн засгийн баталгаа, хүний нөөцийн шинэтгэл зэрэг сэдвийг
хөндөн 2 цагийн турш шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай илэн далангүй
ярилцсан уулзалт шүүгч, Шүүхийн тамгын газарт Р.Дворкины \” Хуулийн эзэнт
гүрэн”, Каютын \”Иргэний хэргийн шүүхийн шийдвэр бичих аргачлал”,
\”Монгол улсын иргэний хуулийн тайлбар” зэрэг номуудыг дурсгаж \”Шүүгч
хүн ажлын ачаалал бага үед \”зэврэх” аюултай. Тиймээс цаг тутам өөрсдийгөө
хөгжүүлж, мэдлэг оюунаа чадавхжуулж байх ёстой” хэмээн Н.Лүндэндорж даргын захиснаар
өндөрлөлөө.
Шүүхийн хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтэс