Мэргэжилтнүүд архичин болох нь хэд хэдэн үе шатыг дамждаг гэж үздэг. Дээрх үе шатууд нь тодорхой хугацаанд явагддаг.
I үе шат
Ихэнх насанд хүрэгчид зөвхөн тодорхой тохиолдолд л архи уудаг. Харин бухимдал, алжаалаа тайлахын тулд архи хэрэглэснээр бүх асуудал эхэлнэ. Ингэснээр амьдралын өдөр дутмын бэрхшээлийг даван туулахын тулд архи уудаг болдог. Тэд эхлээд гэр бүл, найз нөхдөөсөө архи ууж байгаадаа өршөөл гуйдаг. Гэвч үргэлжлүүлэн уусаар яваандаа байнга уудаг болдог.
II үе шат
Архийг үргэлжлүүлэн ууснаар бие махбодь нь архийг улам ихээр шаарддаг болдог. Архи уух нь тухайн хүний амьдралын чухал хэсэг болдог. Архийг яаж олж уух вэ? гэдэгт хамаг анхаарал, хүчээ зориулдаг. Ажил сургуулиа тасалж эхэлнэ. Гэвч тэд өөрийгөө архичин болж байна гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Үргэлжилсэн уулт үүснэ. Хоёр гурав хоног уухгүй байж байгаад ууж эхлэхээрээ зогсолтгүй дөрөв тав хоног уух гэх м.т
III үе шат
Хамгийн эцсийн үе шат бөгөөд архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа буюу архинд донтох өвчтэй нь тодорхой болно. Архи уух нь ямар ч хяналтгүй болдог. Бие махбодь нь архинд маш хүчтэй донтдог. Архи уухгүй бол бие болон сэтгэл санаа нь өвдөж зовоодог. Гэр бүл найз нөхдөөсөө аль болохоор зугатаж амьдардаг болно.