БНХАУ-ын талаас гаргасан “Бүс зам” санаачилгын хүрээнд Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үүдийн соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор өнөөдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд МУИС, ХААИС болон Өвөр Монголын Жинин багшийн их сургуулийн эрдэмтэн багш нарын хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Хурлаар “Даяарчлалын эрин дахь Монгол улсын эх хэлний бодлого”, “Өвөр Монголын баримжаа авианы тухай”, “Монгол улсын архивууд дахь Улаанцавын түүхэнд холбогдох баримтуудыг нягтлахуй”, “Өвөр Монголын монгол уран бичлэг” гэх зэрэг эрдэм шинжилгээний илтгэлүүдийг эрдэмтэн докторууд танилцуулж хэлэлцэв.
Мөн хурлын үеэр Цахарын нэрт эрдэмтэн Б.Буянчуулганы “Аж ахуйн тэмдэглэл” зохиолыг хөрвүүлж, орчуулан хэвлэсний номын нээлтийн арга хэмжээ болсон юм. Номыг Жинин багшийн дээд сургуулийн Цахар түүх, соёл судлах төв, ХААИС-ийн Дэлхийн монгол судлалын академи хамтран Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулж орчуулан олны хүртээл болгож байна.
Нээлтийн үеэр номыг эрхлэн хэвлүүлсэн ХААИС-ын доктор Б.Лхагвадорж болон Жинин багшийн дээд сургуулийн профессор Н.Цэцэн нараас сэтгэгдлийг нь сонслоо.
“Энэ ном 1936 онд тухайн үеийн судар бичгийн хүрээлэн одоогийн ШУА-ийн хөдөө аж ахуйн тасгаас Цахарын аж ахуйг тэмдэглэж хэвлүүлсэн зохиол юм. Номын зохиогч Б.Буянчуулган бол тухайн үеийн их бичгийн эрдэмтэн хүн байсан. Тэр ч утгаараа энэхүү Цахар баруун гарын гүл шар хошууны мал маллагааны тэмдэглэлийг бичсэн байдаг. Номыг дахин шинэчилж, кирилл үсэгт буулган олон түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна” гэж ХААИС-ийн доктор Б.Лхагвадорж ярилаа.
Жинин багшийн дээд сургуулийн профессор Н.Цэцэн хэлэхдээ “Өвөр Монголын баруун цахар нутагт тариалах соёл, арилжаа худалдаа хэдийд үүссэн, Цахарууд хэзээ хэдий тооны хүмүүс Монгол улсад дагаар орсон, тэднийг хаана нутагшуулсан. Мал аж ахуй болон тариалангийн ажлыг хэрхэн эрхэлж байсан зэргийг судлан шинжлэхэд гэрч баримттай судалгааны материал гэж үзсэн тул эмхлэж найруулж орчуулсан” гэдгээ онцолж хэлсэн юм.