Их Монголын оюуны хүй мандал дор бүрэлдсэн гоё сайхан монгол бичгийг харах тусам сэтгэлд өөрийн эрхгүй ариусал төрж, сүү амтлах шиг болж, газар дээр төрсөн бодол санаа дээд хөхрөгч рүү шууд аван хайлан нисгэх шиг ариун бодрол, ариун мэдрэмж таашаал төрдөг. Монгол хэлний уян зөөлөн, хайлган гэгээн, налархай эгшиглэн, торгон мяндаслаг, хөг аялгуу, гэгээн тайвшрал, яруу төгс мэдрэмж тэр чигээрээ энэ бичигт шингэж билэг оюуны охь болон цацардаг аа. Их зохиолч Ч.Лодойдамба “Монгол бичгээр бичсэн шүлэг зохиол уян налархай шинжээ хадгалж байхад шинэ бичиг тэгэхгүй байна” гэсэн утгатай үгийг Их Тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал тэргүүтэй УТТ-ийнхон хүлээж авахад зоригтойгоор хэлсэн баримт байдаг. Энэхүү баримтаас хол байгаа болохоор хэлсэн үгийг яг хэвээр нь бичих боломжгүй байна.
“Монгол бичиг, худам монгол бичиг, уйгаржин монгол бичиг, хуучин монгол бичиг” гэж янз бүрээр нэрлэдгийг мэргэд юу юунд нь ийм нэрээр нэрлэх нь зүй гээд олон нийтэд хэлээд өгвөл сайн хэрэг болно доо. Хуучин монгол бичиг гэж өвөр монголчууд хэлдэг. Манайд болохоор энэ бичгийг адаллаа, ингэж ярьж болохгүй гэдэг. Уйгаржин гэхлээр манайх биш болоод явчихна гэх.
Энэ удаа МУИС-ийн ерөнхий суурь хичээлээр “Илтгэх урлагийн” лекцийг маань сонгож шавилсан Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Батбаярын Баянжавзан хэмээх юм юманд адтай сэргэлэн, сурах мэдэхийг амьдралын зорилгоо болгосон охин миний “Алтан жүн жор” өгүүллэгийг монгол бичгээрээ ийнхүү сийлчихсэн юм шиг дурайтал гайхалтай бичжээ. Үүнийг 1О цагийн турш муутуу цаас, бийр хоёрыг салгалгүй сууж буулган бичнэ гэдэг өнөөгийн залууст үлгэр болохуйц зүйл мөнөөсөө мөн. Энэ охин МУИС-ийн сэтгүүлзүйн ангид суралцдаг, монгол хэл утга зохиол, эх бичгийн ангийнхнаас хол өөр тэнхмийнх шүү дээ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг энэ. Алдарт Чоймаа, Шагдарсүрэн багшийн гарын шавь МУИС-д багшилж байсан Алтантуяа ерөөс нэг жилийн дотор ийм бичигтэн шавийг бэлтгэжээ. Гэхдээ суурийг нь Завхан аймгийн сургуулийн мундаг багш нар тавьсан бизээ.
Ерөөс энэ удаагийн айхтар тахлын хориотой чилгэр сунгаа сар өдрүүд юмыг мэдье сурья гэсэнд буянаа өгч байна. Заримдаа танхмын сургалтаас гэрийн сургалт ч давж гарч байсан удаа бий. Гэрийн сургалтаас хэдэн лугар Ерөнхий сайд, Д.Нацагдорж, Д.Сүхбаатар гээд маш олон мэргэд гайхамшгууд төрж гарсан. Монгол бичиг номун монгол бичгийн их сартваахи багш Булган аймгийн харьяат Шагж абугай долоогоос арав хоногт монгол бичгийг сургадагаараа алдаршиж байжээ. Хамгийн гэгээн хамгийн хорхойд гэмгүй энэ их багшийг “Монгол үсгийн дүрмийг зохиолоо, толь бичиг гаргалаа” хуучны хоцрогдлыг түгээн дэлгэрүүлэх гэлээ гээд хилсээр хэлмэгдүүлсэн нь үнэхээр бузар булай гэмт хэргийн дээд нь гэхээр болсон. “Би хэнийг ч дайсан гэж нэрлэхгүй, би хэнийг ч буруутгахгүй, надаас хэн нэгэн буруутаныг нэрлэ гэж бүү асуу …зөвхөн намайг зовоолгүй буудчихыг гуйж байна” гэж өчсөн байдаг. Одоо монгол бичгээр янз бүр бичээд байна, ерөөсөө ар нь ч бай, өвөр нь бай, хаанахын ч бай бүх монгол туургатнууд Шагж багшийн бичгийн дүрмийг барих хэрэгтэй гэж хэлсэн үгийг нь заавал сонсох ёстой хүний нэг болох Өвөрмонголын нэрт эрдэмтэн Хишигтогтох багштан айлдаж байхыг чихээрээ сонссон.
Миний энэхүү “Алтан жүн жор” өгүүллэгийг 90-ээд оны 9-р ангийн монгол хэл-уран зохиолын холимогдуу сурах бичигт оруулснаа нэгэн их мэдэгч профессорын үзэгний үзүүрт өртөж аваад хаячихсан юм билээ. “Хоёр профессор хэрэлдэхэд хоёулангийх нь зөв байдаг” гэсэн үг байдаг бол одоо “хоёулангийнх нь хорсол байдаг” болжээ.
Уншигчид энэ өгүүллэгийг маань гарчиг нэр ямар учиртай юм бэ? гэж ихээхэн асуудаг. Хэрэндээ бодсон ухаантай. “Алтан” гэдэг үг их маарамба багшийг төлөөлсөн үг. “Жүн” гэдэг үг нь ихэд хийсвэр агаад хөнгөн хуудамгай, жин биегүй, далд нууцлаг гэдгийг багшийгаа хорлох сэтгэлийг агуулж байгаа шавийг нь төлөөлсөн үг, ЖОР гэдэг нь эмэнд байдаг ч, амьдрал өөрөө жоргүй хачин юмаар дүүрэн гэдэг утгыг илэрхийлж, басчиг эргэцүүлж өгсөн нэр юмаа. Энэ өгүүллэгийг англи, орос, япон, солонгос, хятад, франц хэлд орчуулж гаргасан бүх орчуулагч, дуун хөрвүүлэгчдэд энэ ташрамд баярласнаа илэрхийлье. Өгүүллэгийг маань “Монголын сонгомол өгүүллэгийн” түүвэрт анх шилж сонгон оруулсан гүн овогт, үзэг нэгт Г.Аюурзанадаа гялайснаа хэлэх нь зүйтэй. Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүрийн хавар зохиолч найрагчдынхаа шилдэг бүтээлийг монгол бичгээр буулгуулж, тусгай үзэсгэлэн гаргадагийг ташрамд хэлье ээ.
Зохиосон эсээгээ монгол бичигт дурайтал буулгаж, улсын хэмжээний шилдэг бичээч болсон Баянжавзангийн холын ирээдүйн замнал нэн гэрэлтэй бархалтайгаар дурайх болтугай гэж ерөөе. Ерөөс гарамгай бичигтэн багш нар ЕБС-ийн дунд сургуулиас авахуулаад их дээд сургуульд олон арваараа багшилж байна. Тэр дундаас миний мэдэхээр МУИС-иас олон олон лут бичээчид төрсөн, төрсөөр байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
2О2О. О3. О8 USA. Daniville хот.