“Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчийн гарт иргэн амиа алджээ” гэх мэдээлэл өдөр тутмын “Өдрийн сонин”-ы өчигдөр /2018.07.02/-ийн дугаарт нийтлэгдсэн. Тэгвэл энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй худал болохыг албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс нутаг дэвсгэрийн хэмжээнд байнга архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, зөрчил гаргадаг архины хамааралтай иргэдийг албадан эмчилгээнд явуулахаар эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулах ажлыг өнгөрөгч зургаадугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулжээ.
Уг арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч тус хороонд оршин суудаг, архи, согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг иргэн Э, Н нарыг эмчилгээнд хамруулахаар ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Улмаар ажлын хэсгийнхэн зургаадугаар сарын 11-ний өдөр эмчилгээнд хамруулах иргэдийг тээвэрлэн явж байх үед иргэн Э нь тээврийн хэрэгсэл дотор нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу НЦГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан бөгөөд дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа юм.
ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач спиртийн хордлогын улмаас нас барсан гэж тогтоожээ. Урин дулааны цагт иргэд амарч зугаалах, баяр наадам тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гардаг. Иймд иргэд та бүхнийг архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах, баталгаагүй газраас архи, согтууруулах ундаа худалдан авч, хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.