Монгол бөхийн дэвжээнд үүрлээд буй ёс бус зүйлийг арилгахын тулд чансаа
буулгадаг, хариуцлага тооцдог байхад л болчих гээд байна.
Тухайлбал, Улсын наадамд ирж барилдаад Заан цол хүртсэн бөх сумын наадамд очоод
залуу бөхчүүдэд өвдөг шороодох нь элбэг. Үүнийг нэг бол улсын наадамд мөнгөөр
цол авч, үгүй бол сумын наадамд залуу бөхөд мөнгөөр унаж өглөө гэхээс өөр
хардах үндэслэл олдохгүй байгаа юм.
Мөн эр бяр нь харьсан аварга, арслангууд улсынхаа их баяр наадамд зодоглож
байгааг харах сайхан ч цаад зорилго нь нутгийнхаа бөхийг цолонд хүргэх, бүр
цаашлаад цолны наймаа гэгч нь явагдаад байна. Үүнээс болоод шударгаар барилдаж
яваа өсөх ирээдүйтэй залуу бөхчүүд шантрах явдал бишгүй.
Тиймээс үүнийг засах нэг арга байгаа нь бидний мэдэх Японы үндэсний сумо
бөхөд хэрэглэдэг, эрэмбэ буулгах явдал юм. Манайд зүүний манлай, барууны манлай гэж
байдаг шиг сумод ч бас зүүн, баруунаа манлайлах үе бий. Гэхдээ амжилттай сайн
барилдсан тохиолдолд. Түүнээс нэг удаа түрүүлчихээд л байнга манлайлаад байна
гэж үгүй. Хэрвээ амжилт буурвал өнөөх манлайлал нь буурч, бүр яван явсаар доод
зиндаа руу унах ч аюултай.
Харин манайд тэртээх 1980-аад онд аварга, арслан цол хүртсэн \”өвөө нар” гарч
ирээд хүчээр дөрөв давж, тавын даваанд нутгийн бөхөө амлан авч, тахимаа өгч
байгаа харахаар Аглуу Бооёо нарын хошин үзүүлбэрээс дутахгүй болж таараад
байгаа юм. Тиймээс цолоо баталж чадахгүй, ер нь улсынхаа наадамд тав давж
чадахгүй байгаа бөхийг цол буулгаж, аймаг, сумы цолтон болгосон ч яадаг юм.
Уг нь би бөхөө дээдэлдэг Монгол хүн билээ. Гэвч сүүлийн үед урамтай сайхан
барилдаан гэхээсээ урлагийн тоглолт үзсээр байгаа залхах шинжтэй болчихлоо. Бяр
чадалтай нь барилдаж, аварга, арслан болог. Чадахгүй байгаа нь зодог тайл,
халаагаа өг, эсвэл цол буураад барилд. Хүчтэний өлгийг хөрөнгө босгох хэрэгсэл
болгохоо зогсоовол таарна.
Ийм шинэчлэлийг Монгол бөхийн холбоо л хийнэ. Гэвч өөрөө шинэчлэгдэж
чаддаггүй тус холбоо яаж ч шинэчлэл хийх вэ дээ.
Шар хүү