Ахмадууд бидэнд хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө нэрийг ч бүтэн дуудаж бай хэмээн сануулдаг. Ийн сануулах, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу ёроос цээрлэж буй чин санаа юм.
Эцэг эхчүүд өхөөрдөх, товчлох, дотно дуудах зэргээр хагаслан хэлдэг болсон. Баярцэцэг Цэцэг ээ, Сарангэрэл Сараа, Баянмөнх Баянаа гэх мэтээр Бат гэдэг ганцхан үетэй нэрийг хүртэл Баагий болгосон байх жишээтэй. Эцэг эхээс бэлэгшээн хайрласан энэхүү нэр нь тухайн хүний бүтэн мөртэй явахын учигтай.
Хагаслан дуудсан нэрийн тухай нийтийн мэдэх жишээ бол Мөөгий, Баянаа, Хадаа. Дээдсийнхээ цээрийг үл хэрэгсэн аваргуудынхаа нэрийг монгол даяараа хагаслан дуудацгааснаар Мөнхбат, Баянмөнх аваргуудынхаа олимпийн аварга, Хадбаатар аваргынхаа дархан аварга болох заяаг нь хагаслаагүй байгаа даа, бид.
Миний танил нэгэн айл Саранцэцэг, Сарангэрэл, Саранчимэг гэсэн 3 охинтой боловч бүгдийнх нь \”Саран”-г орхиод охидоо зүгээр л Цэцэг, Гэрэл, Чимэг гэдэг болчихсон билээ. Эндээс үзэхэд хүүхдүүддээ хоёр үгтэй нэр өгөхдөө нэгийг нь адилхан өгчихвөл бүх зүйл энгийн байх байгалийн жамаар аав, ээж өөрснөө эхлээд өөрийн эрхгүй ижил нэрийг нь гээн ялгаатай нэрээр нь дууддаг байна. Тэгэхээр хүүхдийнхээ нэрийг бүтэн байлгах буюу буян заяаг нь бүтэн байлгахын тулд хүүхэддээ иймэрхүү нэр өгөхөөс аль болох зайлсхийх нь чухал байж мэдэх юм.
эх сурвалж: emch.mn