Монгол Улсын Засгийн газраас тусгай сангуудад хийсэн шалгалт, судалгааны үр дүнгийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан.
Сангийн сайд танилцуулгадаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль нь 2006 онд батлагдсанаас хойш нийт 52 удаа нэмэлт, өөрчлөлт орж, хуулийн агуулга, зорилго нь алдагдаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, төсвийн сахилга батыг алдагдуулахад хүргээд байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Сангийн яам тусгай сангуудад газар дээр нь санхүүгийн хяналт, шалгалт хийж, цөөнгүй зөрчил, дутагдал илрүүлснээ онцолж байлаа.
Шинэчилсэн найруулгын төсөл баталснаар Засгийн газрын тусгай сангуудын давхардал арилж, зарцуулалт нь оновчтой, үр ашигтай, ил тод болж, хяналт хариуцлагын тогтолцоо сайжирч, төсвийн сахилга батыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Энэхүү шалгалт, судалгааны үр дүнд зарим тусгай сангийн чиг үүрэг давхцалтай, эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан, түүнд тавих хяналтын чиг үүргийг хэрэгжүүлээгүй, сангийн хөрөнгийг үндэслэлгүй, хууль зөрчиж зарцуулсан зэрэг зөрчил, дутагдал үүссэн байна.
Бизнесийн асуудалд төр оролцох шаардлагагүй гэдэгтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар санал нэг байгаагаа онцлоод улсын хэмжээнд Засгийн газрын 29 тусгай сан байгааг 21 болгохоор төсөлд тусгасан гэж байлаа. Тухайлбал, нэг байранд байсан Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгээд Үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулахаар төсөлд тусгасан гэв. Харин Боловсролын зээлийг Төрийн банкаар дамжуулахаар банкны шалгуур өндөр тул уг зээлийг авах боломж хязгаарлагдмал байдаг учир сангийн хүрээнд зохицуулахаар болсон гэдгийг Сангийн сайд хариултдаа тодотгов.
Гишүүдийн зүгээс Засгийн газрын сангуудыг татан буулгаж, нэгтгэж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шинээр сан бий болгож, төсөв хуваарилах шаардлагатай эсэхийг тодруулж байсан юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжжээ.