Эрүүл мэндийн яамны алхах шинжээч Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
– Манай улс ойрын хугацаанд вакцин оруулж ирэх тухай мэдээлэл байна. Вакцин хэзээ оруулж ирэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Д.Нарангэрэл: Коронавирусийн эсрэг вакцины асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам өнгөрсөн оны долдугаар сараас хойш ажиллаж байгаа.
Вакцин оруулж ирэх КОВАКС хөтөлбөр, бусад хандивлагч орнуудын тусламж зэрэг маш олон эх үүсвэрийг эрэн хайж буй. Энэ тал дээр УОК, ЭМЯ тухай бүрдээ өөрсдийн чиг үүргийн дагуу ажиллаж байгаа.
Одоогоор ирэх сард эхний вакцин орж ирж, тодорхой хэсэгт хийнэ гэх мэдээлэл бий. Өчигдөр гэхэд л бүх аймгийн Онцгой комисс, ЭМЯ-наас эрүүл мэндийн мэргэжилтнүүд ДЭМБ-ын дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтад хамрагдаад байна.
– Халдвар авсан бүх хүнийг найман сая төгрөгөөр эмчилж байгаа юу. Эмчилгээний зардлын зарим нь иргэдээс гарах уу?
Д.Нарангэрэл: Эмчилгээний найман сая төгрөг нь дан ганц эмийн асуудал биш. Эмчилгээ шинжилгээ гэдэг бол тухайн хүний биеийн байдал болон эмчийн тактикаас шалтгаалж хийгддэг. Нэг өвчтөнд таван төрлийн шинжилгээ хийж буй.
Мөн тухайн эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүсийн хоол, хувцас хэрэглэл гээд бүгдийг нь багцалж тооцсон зардал нь найман сая төгрөгт хүрч байгаа гэдгийг ойлгож хэрэгтэй.
А.Амбасэлмаа: Хүн бүрийн эмчилгээний зардал харилцан адилгүй. Хүнд, хөнгөн, маш хүнд өвчтөний эмчилгээний зардлын хэмжээ өөр өөр гэсэн үг.
Нарийвчилсан тоон мэдээг би мэдэхгүй. Гэхдээ үүнийг эдийн засагч, судлаачид, мэргэжилтнүүд маань тооцоолж гаргасан тул эргэлзэх хэрэггүй.
ВИДЕО: