Манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хүн амынхаа 60 хувийг хамруулахаар зорьж байгаа.
Энэ зорилтын дагуу Энэтхэг улсад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцины 150,000 тун болон БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн Verocell вакцины 300,000 тунг 2021 оны хоёрдугаар сарын 22-нд хүлээн авч, маргааш нь AstraZeneca вакцинаар дархлаажуулалтыг эхлүүлсэн билээ.
Түүнчлэн ОХУ-д бүтээсэн Спутник V вакцины 10,000 тунг хоёрдугаар сарын 27-нд татан авсан юм. Уг вакцины дараагийн тунг хэзээ татан авах болон нийт хэдэн тунг авахаар төлөвлөж байгааг “Монгол эм импэкс” концерноос тодрууллаа. Тус концерн нь Спутник V-г албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад оруулж ирж байгаа юм.
“Монгол эм импэкс” концерны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Б.Мөнх-Эрдэнэ “Энэ сарын эхээр дараагийн ээлжийн вакциныг татан авна. Цаашид сар бүр ойролцоогоор 200,000 тун Спутник V вакцин оруулж ирж байхаар төлөвлөж байна” гэлээ.
Анагаах ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг болох “Lancet”-д уг вакциныг 91.6%-ийн үр дүнтэй байгааг мэдээлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Спутник V ба Verocell вакциныг судалж буй бөгөөд ойрын хугацаанд зөвшөөрөл олгохыг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица хэлж байв. Зөвшөөрөл нь олгогдсоноор дархлаажуулалтыг цаг алдалгүй явуулахын тулд ийнхүү вакциныг татан авч байгааг албаныхан мэдээлсэн юм.