УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцжээ. Уг төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулсан байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр “2021 оны намрын ээлжит чуулган өндөрлөх тийшээ хандаж байна. Нэгдүгээр сарын сүүлчээр завсарлахаас өмнө хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн хууль бий. Эдгээр төслийн талаар бид санал солилцож, ажлын хэсэг байгуулан, Засгийн газартай хамтрах шаардлагатай гэж шийдвэрлэв. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ахална” гэв.
Ингээд олонхын бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд ямар суурь өөрчлөлтүүд тусгасан талаар мэдээлэл өгнө үү?
-Засгийн газраас нийгмийн даатгалын тогтолцоонд томоохон шинэчлэл хийхээр ажиллаж буйгаа илэрхийлсэн. Үүний дагуу хэд хэдэн том асуудал хөндөгдөж буй. Нэгдүгээрт, тэтгэврийг өвлүүлэхтэй холбоотой зохицуулалт тусгасан. Суурь тэтгэврийн шинэчлэл ч бий. Бусад буюу олон төрлийн даатгалтай байх зохицуулалтыг ч оруулсан. Томоохон шинэчлэл учраас нухацтай ажиллах шаардлагатай.
-Тэтгэвэрт гарах насыг хэрхэн тогтоохоор тусгасан бэ?
-Тэтгэвэрт гарах насыг хуулиар тогтоодог. 2017 онд баталсан хуулиар 60, 65 настайдаа тэтгэвэрт гарахаар буй. Мөн 50-55 настай хүн өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болох зохицуулалт бий. Ихэнх тохиолдолд хуулиараа 55-60 насандаа тэтгэвэрт гарч байна.
-Тэтгэврийн зөрүүг хэрхэн арилгах талаар тусгасан уу?
-Тэтгэврийн зөрүү, нэмэгдэлтэй холбоотой асуудал энэ хуультай холбоогүй. Нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Жишээ нь, 2022 оны төсвийг батлахдаа Нийгмийн даатгалын сангийн санхүүжилтийг 2.8 их наяд төгрөгөөр баталсан. Үүний 800 гаруй тэрбум төгрөг нь улсын төсвөөс өгч буй татаас. Үндсэндээ хоёр орчим их наяд төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлээс цуглуулж, 1.3 орчим их наядыг нь тэтгэвэрт өгч, үлдсэнийг нь тэтгэмжид зарцуулна.