Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
“Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт энэхүү чуулганд 15 гаруй улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дэд дарга, сайд нар, бусад 20 орчим салбарын эмэгтэйчүүд оролцож байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сан /GCF/-ийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюунаас Ногоон хөгжил, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эмэгтэйчүүдийн оролцооны талаар тодрууллаа.
Тэрбээр, Ер нь гаднын судалгаануудаас харахад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн доройтол, үүнтэй холбоотой сөрөг үр дагавар эмэгтэйчүүдэд илүү нөлөөлөх хандлагатай байна.
Нэг жишээ авч үзэхэд, Пакистанд хоёр жилийн өмнө томоохон үер болсон. Үүний сөрөг үр дагаварт өртсөн хүмүүсийн 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт, тухайлбал газар тариалан дээр эмэгтэйчүүд нь түлхүү ажилладагтай холбоотой.
Гэтэл тухайн газар, өмчийг нь хэн эзэмшиж байна вэ гэвэл, эрэгтэйчүүд.
Тэгэхээр илүү эрх мэдэл, өмчтэй нь эрчүүд, харин хохирч байгаа нь эмэгтэйчүүд болох хандлага ажиглагдаж байна.
Энэ бол ердөө л нэг жишээ. Ер нь уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилтэй холбоотой томоохон бодлогууд, олон улсын төсөл хөтөлбөрийг боловсруулахдаа анхнаас нь эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байна, эдгээр бодлого, хөтөлбөр хэрэгжсэнээр тухайн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэгт тулгуурласан зүйл заалтуудыг шигтгэж байх хэрэгтэй гэдэг саналыг хэлэлцүүлгийн үеэр гаргасан.
Олон жилийн турш гарсан хэвшмэл буруу ойлголтууд нийгэмд маш гүн суучихсан байна. Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоо, шийдвэр гаргах түвшинд үзүүлэх нөлөө зэрэг эрчүүдээс үргэлж хойно явдаг гэлээ.