Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу
оруулаад ирвэл асуудалгүй. Гэвч хууль санаачлагчдын зорилго нь энэ биш байв.
Тиймээс ямар ч аргаар хамаагүй өршөөлийн хуулийг анхныхаар нь батлуулах, үгүй
гэвэл завсарлага авч гацаасаар байх шинжтэй. Ер нь өршөөлийн хууль хэлэлцэгдэхгүйгээр өвөлжиж магадгүй гэсэн мэдээлэл
ч байна.
МАН болон АН-ын зарим гишүүд өршөөлийн хуулийг
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу батлаад явах нь зүйтэй гэж үзсэн. Гэвч
Шударга ёс эвслийн бүлэг болон мөн л АН зарим гишүүд анхны хувилбарт өөрчлөлт
оруулахгүйгээр зүтгүүлэх саналтай байгаа.
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан
хоригийг УИХ олонхийн саналаар хүлээн авч хуульд өөрчлөлт оруулахаар болж,
ажлын хэсэг байгуулсан байдаг. Гэтэл тус ажлын
хэсэгт хуулийг өөрчлөх бодолтой хүн нэг ч байсангүй. Тиймээс л тоог үсгээр
бичээд л хуучин хэвээр нь Хууль зүйн байнгын хороонд өргөн барьснаар гацаа,
түгжил гээч нь үүсчихээд байна.
Өршөөлийн хуульд өөрчлөлт орно үгүй ч байж магадгүй. Энэ нь
АН-ын хэр зэрэг найрамдалтай байхаас л шалтгаалах болчихоод байна. Одоогоор
хөндлөнгөөс харахад Р.Гончигдорж тэргүүтэй нэг хэсэг өршөөлийн хуулийг хэлэлцэх
шаардлагагүйгээр анхныхаар нь өргөн барих саналтай байгаа нь ажиглагдсан.
Энд уг нь нэг их толгой гашилгаад байх зүйлгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч авлига, албан
тушаалын болон залилангийн хэрэгт буруутгагдсан болоод буруутгагдан шалгагдаж
байгаа хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулахгүй гэж хориг тавьсан. Гэтэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу
хуулийг засварлаад өргөн барих сэтгэл УИХ-ын гишүүд, ажлын хэсэгт байхгүй байнал гэж харагдаад байгаа юм.
Бүр тодруулбал, Эрүүгийн тусгай ангийн 300 орчим гэмт
хэрэг бий. Тэгвэл энэ удаагийн өршөөлийн хуульд 29 зүйл анги багтаагүй. Өөрөөр
хэлбэл өршөөгдөхгүй. Үүн дээр Ерөнхийлөгчийн хориг тавьсан долоон зүйл анги
нэмэгдэж байгаа юм.
Энэ хуулийн 9 дүгээр зүйлд \”өршөөгдөхгүй гэмт хэрэг”-үүдийн
талаар бичсэн байна. Үүнд, хар тамхи, хүний
амь нас, эх орноосоо урвасан зэрэг гэмт хэрэг багтаж байгаа. Тэгвэл дээр нь авлига албан
тушаалын болон залилангийн гэмт хэргийг нэмэх гэхээр л гацаа үүсчихээд байгаа
юм.
\”АН авлига авсан хүнийг өршөөхгүй гэдэг дээр хатуу байр
суурьтай байгаа. Нэгдсэн чуулганаар үүнийг дахин хэлэлцээд эцэслэнэ” хэмээн
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат тайлбар өгчээ. Гэвч эсрэг
саналтай гишүүд АН-д цөөнгүй бий. Түүнээс гадна барьцаалагдсан гишүүд ч байгаа.
Чухам энэ хууль хууль санаачлагчийнхаар явах уу, өөрчлөлт орох уу гэдгийг цаг
хугацаа л харуулах нь дээ. Мөн ард иргэдэд сайхан харагдах уу, анд нөхдөө
өмгөөлөх үү гэдгээ УИХ-ын гишүүд эцсийн байдлаар шийдвэрлэх бололтой.
А.Аюуш