\”Үдийн цай” хөтөлбөр Ерөнхий боловсролын
сургуулийн захирал, удирдлагуудын мөнгө угаах нэг хэлбэр болчихоод байгаа. Энэ талаар
маш олон мэдээ мэдээллүүд байдаг ч хууль хяналтын байгууллагаас саяхнаас л
шалгалт хийж эхлэв.
Ер нь үдийн цай хөтөлбөртэй холбоотой хяналт
шалгалтуудын үр дүнд \”ариун цэврийн шаардлага хангаагүй, хүүхдэд тэжээл
болохгүй, амин дэмгүй” гэхээс өөр хариулт гаргадаггүй байв. 600 төгрөгийн
төсвөөр хүүхдэд ямар хэмжээний хүнсний бүтээгдэхүүн өгөх нь ойлгомжтой. Гэхдээ
нэг биш нэг сургуулиар бодвол энэ санхүүжилт чамлахааргүй хөрөнгө болно.
Тиймээс л аж ахуйн нэгжүүд ариун цэврийн шаардлага хангахгүй, өмнө нь хүнс
бэлтгэж, нийлүүлж байсан туршлага байхгүй ч сургуулиудтай гэрээ байгуулж, үдийн
цай хөтөлбөрт хамрагдахаар зүтгэцгээх болж.
Харин үүнийг сургуулийн захирлууд овжиноор
ашиглаж, өөрт ашиг унагаах боломжийг эрэлхийлэх болсон байна. Сургагчийн үдийн
цайнд ирдэг бүтээгдэхүүний чанар яагаад жил ирэх бүр муудсаар байгаа вэ. Үүнд ганц
л шалтгаан бий. Юу вэ гэвэл төсөвлөгдсөн хөрөнгө хүнсний бүтээгдэхүүнд бус
харин дарга нарын \”гарыг хүндрүүлэх” хэлбэртээ илүү ихээр зарцуулагдаж, үлдсэн
цөөхөн төгрөг нь хүүхдэд үдийн цай болж хэлбэрддэгтэй холбоотой. Тэгвэл ерөөсөө
л энэ хөтөлбөрийг зогсоочихъё л доо. Эдийн засаг хүндэрсэн үед хүүхдийн нэрээр
бусдыг тэжээх шаардлага байна уу.
АТГ-аас \”үдийн цай” хөтөлбөрт шалгалт оруулахар
түрээсийн гэрээг хууль бусаар сунгасан, ашиг сонирхлын зөрчилтэй олон зөрчлүүд
илэрсэн байна. Жишээлбэл, Хан-Ууд дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюун
өөрийн хүргэний \”Ай консепт” компанитай \”Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх
түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогдсон байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил.
С.Оюун захирал алдаа гаргаж. Харин алдаа гаргалгүйгээр гэрээ байгуулж,
хөтөлбөрт ноогдсон хөрөнгийг халаасалж, \”гараа угааж\” байгаа хэчнээн захирал шалгалтын гадна үлдсэн бол. Энэ
бүгдийн ард хүүхдүүд чанаргүй хүнс хэрэглэж, ард иргэд татвараа төлсөөр л
байна.
А.Аюуш