Хотын дарга С.Батболд Токио хотод айлчлах үеэрээ тус хотын Агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай танилцав. Хүрээлэн буй орчны судалгааны төвийн захирал Накамура Тохик хот он удаан жил агаарын бохирдолтой тэмцэж ирснийг эхлээд дуулгалаа. Агаарын бохирдлын эсрэг Токио хот ямар арга хэмжээ авдаг талаар хотын захиргааны Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга Такеаки Орихара танилцуулав. Түүний хэлснээр утаа, агаарын бохирдлоосоо салахын тулд эхлээд аж үйлдвэр, станцаас гарч буй утааны эсрэг арга хэмжээ хэрэгжүүлжээ. Токио хотыг эрчим хүчээр хангадаг TEPCO цахилгаан станцтай хотын захиргаанаас гэрээ байгуулсан байна. Эрчим хүч гаргахдаа нэн бага хүхрийн агууламжтай газрын тос ашиглах гэрээ байгуулжээ. газрын тосон дахь хүхрийн агууламжийг тогтоох тогтоол гаргаж, 2003 онд дизель хөдөлгүүртэй автомашинуудыг зохицуулах дүрэм журам гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Токио хотод Энгийн орчны агаарын бохирдлыг хэмжих төв 47, Зам дагуух агаарын бохирдлыг хэмжих цэг 35 бий. Үүнээс гадна өндөрлөг газар, ой доторх агаарын чанарыг хэмжиж харьцуулсан судалгаа хийдэг байна.
2003 оноос дизель машинд хязгаарлалт тавьснаас хойш агаарын бохирдол байнга буурч ирсэн гэнэ. Агаар дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ 10 жилийн хугацаанд 50 хувь буурсныг хотын дарга С.Батболдод танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид автомашинаас ялгарч байгаа утаа, хийнд хэмжилт хийдэг лабораторитой мөн танилцав. Токио хотод 2 жилд нэг удаа автомашинуудыг үзлэгт оруулж, замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг шийддэг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.