Хар хотын балгас туурь.
Домогт өгүүлснээр: Монголын Их Юань гүрний бэхлэлт энэ хотыг монголчууд 1226 оноос харгалзан суужээ. 1368 онд Монголын Юань Гүрэн мөхөж тулгар байгуулагдсан Мин улс хүчирхэгжин мандаж эхлэв. 1372 онд Мингийн цэрэг Хар хотод тулан ирсэн бөгөөд захирагч Хар Баатар ноёны цэрэг хотоо хамгаалан эрэлхэгээр эсэргүүцэн байлджээ. Монгол цэргүүд амар бууж өгөхгүйг мэдсэн мин улсын цэргийн жанжин хотын ундны усны амин судас Эзнэй голыг боон таслав.
Хот усаар гачигдан, цангаж үхэх аюул нүүрлэсэн ч тэссээр л байжээ. Гэвч аливаад хязгаар бий. Хар Баатар ноён аргагүй эрхэнд гэр бүлийн гишүүдээ хөнөөгөөд эцэст нь өөрийнхөө амийг егүүтгэжээ. Цэргүүд нь эцсийн хүчээ шавхан тэмцсэн хэдий ч говийн халуун нар цангаж туйлдсан тэднийг бүр хүчин мөхөсдүүлсэн байна. Энэ мөчийг удаан хүлээсэн мингийн цэргүүд дайран орлоо. Хотод байсан амьтай бүхнийг цавчин хороосон аж. Тэр цаг мөчөөс нааш Алаша дахь мөхсөн хотын энэ туурь, хүний цусанд дэвтсэн элс манханг тэнд үрэгдсэн Хар Баатар ноён болон түүний эрэлхэг цэрэг эрсийн сүнс гороолон сахих болсон гэдэг.