Зурхайд өгүүлснээр Монголд 6 сарын 4-ний эл өдөр нар өглөө 5 цаг 7 минутанд мандана гэжээ. Тэгвэл, Монголд нар ургах яг тэр мөчид, дэлхийн нөгөө талд, АНУ-н Кеннидийгийн Сансарын Төвөөс яг 5 цаг 7 минутанд хувийн SpaseX компаний, хүнгүй Фалкон цойлуур (пуужин) амжилттай хөөрч хүн төрлхтөн болон Монгол улсад хөгжлийн шинэ алхам авчирлаа.
Өмнө нь бидний бүтээсэн цойлуурууд замдаа эх биеээ хаясаар үзүүрийн бортого (капсул) нь л задгай сансарт гардаг байсан. Бортогыг мөн ганц л удаа ашиглаад хаядаг байсан бол Фалкон цойлуурын эх бие буцаж өөрөө газарддаг, мөн үзүүрийн бортого нь ахин ашиглагдах боломжтой болсноороо шуугиан тарьж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн нислэгт түүхэнд анх удаагаа өмнө нь ашиглагдсан бортогоо амжилттай хэрэглэж байгаа нь онцлог болж байна.
Эдийн засгийн талаасаа нэн ашигтай энэ шийдэл нь SpaceX компаний ирэх онд саран дээр, 2025 онд Ангараг гариг дээр тус тус хүн буулгах төлөвлөгөөний хөрс нь болж байгаа юм.
Цойлуурын хошуунд яваа бортогыг Драгон гэх бөгөөд мэдээ бэлдэх энэ эгшинд Фолкон цойлуур бортогыг задгай сансарт хүргээд буцаж мөн амжилттай газардсан байна. Өмнө нь 2014 онд задгай сансарт гарчаад эргэж буусан Драгон бортого өнөөдөр тойрог замд ахин нэг удаа орсон бөгөөд дэлхийгээс илгээсэн ачааг тэнд байх Олон Улсын Сансарын Станцад 36 цагын дотор хүргэхээр чиглэн яваа билээ.
Хамгийн чухал нь, тус бортого дотор ялаа, хулгана, сэлбэг материалаас гадна Монголчууд бидний урласан Мазаалай хэмээх бие жижиг ч бэлчээр том, анхны хиймэл дагуул яваа бөгөөд ОУСС дээр байгаа сансарын нисгэгч нар үүнийг хүлээж аваад задгай сансарт тавих юм.
Монголын өргөн уудам нутагт соёл түгээж, мэдээлэл дамжуулж, Монгол хүний оюунд гэрэл нэмэхээр Мазаалай маань өнөө өглөөний ургах нартай уралдан хөх тэнгэрийн уудамд хөөрлөө. Энэ бол бидний түүх.