-Наадам сайхан уу?
-Сайхан, сайхан наадлаа.
Ийм үгс зөрж өнгөрсөн хүн бүрийн амнаас гарч байна. Амны билгээ бодож л ийм үгс хэлдэг байхдаа. Түүнээс миний хувьд урьдын шиг л наадам боллоо. Гэр бүлээрээ хамт байж, хонь гаргаж, гэдэс чанаад, аав бөхөө үзэж, бид ээжтэй хамт хуушуур хайраад… Оройхон найзуудтайгаа хамт гадуур гарч, голын эрэг дагуу шорлог хатгаж идсэн шигээ л наадлаа. Үүнийг сайхан гэж хэлэхгүй бол өөр юуг сайхан гэж хэлэх билээ.
Гэвч наадмын тухай яриа бүр бөхийн барилдаантай холбогддог жишигтэй. Уг нь зургаан залуу зааны үед би наадмын барилдааныг хорхойсон үздэг байлаа л даа. Хамаатны хөвгүүд тойрч суугаад жижиг Сүхбатыг /УИХ-ын гишүүн А.Сүхбат/ булаацалдаад л… Миний хувьд битүүхэндээ Ц.Цэрэнпунцаг гарьдыг л дэмждэг байв. Даанч дэмжсэн бөх маань давааны төлөө нэг их улайралгүйгээр наадмаа өндөрлүүлдэг байлаа. Уг нь хувийн бизнестэй, мөнгө хөрөнгөтэй хүн Гарьдаас ч илүү цол авч болох л байсан санагддаг юм. Харин мань хүнд тийм сонирхол байгаагүй бололтой. Зургаан залуу зааныхаа нэгээр нэрлэгдсэн нь л түүний хувьд том амжилт байжээ.
Түүнээс хойш миний хувьд үндэсний бөхийг нэг их сонирхож үзэхээ больчихсон. Үзүүр түрүү хэн болох нь вэ гэж нүднийхээ булангаар харна уу гэхээс хэтрэхээ байж. Аав тавын даваа болохоор л дуу шуу ороод л явчихдаг юм. Харин би тэр даваа ёстой үзэж чаддагүй. Наадамчин олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн ахмад бөхчүүд хэдэн залуусыг үнсээд л явуулдаг. Бодвол нэг хүүд начин цол бэлэглээд байгаа юм уу хаашаа ч юм. Халаагаа өгч байна гэж ойлгоод өнгөрч болох. Гэтэл ид барилдаж, хүчийг үзэж байх насны аварга, арслан, заанууд нь ч бас аймгийн цолтой залууст хөлөө өгөөд л гэдэргээ харж унаад байх юм. Аглуу, Бооёогийн хошин шогийн үзүүлбэрээс дутахааргүй юм болно.
Энэ жилийн наадмаар тийм л зүйл үзлээ. Тав давж байгаа нь гэхээсээ давуулж байгааг нь хараад дур гутах шиг. Нутгийнхаа дүүг улсын цолтой болгож байгаа нь тэр байх л даа. Гэвч уран мэхийг уралдуулан хийж, түмэм олноо баясгадаг энэ тэр гээд цолоо дуудуулдаг бөхчүүдэд энэ төрлийн найр тавилт огтоос зохихгүй юм. Тэгээд ч нутгийнхаа ахаас гуйж авсан цолтон дээд сургуулийн диплом худалдаж авсан боловсон хүчнээс ялгаа юу байна.
Нэгэнтээ түрүүлэхгүйгээс хойш нутгийнхаа дүүг цолонд хүргэнэ ээ гэж улсын наадамд зодоглодог бөхчүүд олон байдаг бололтой юм. Үүнийгээ мэдэгдэхгүйг хичээж жүжиглэж байгаа нь бүр ч дургүй хүрэм. Хэн ч тав гурван цаас хэрэгтэй. Гэвч үүнээс чинь болоод Монгол наадмын дэвжээ ёс бус зүйлсээр дүүрч гүйцлээ. Үнэхээр дийлэхгүй, чадахгүй, амжихгүй болчихсон бол зүгээр л зодог тайлаад, зайгаа тавиад өгчих л дөө. Тэгвэл чадалтай бөхчүүд нь барилдаж, эр бяраа үзэж, шударгаар цолонд хүрцгээнэ. Чадахгүй нь аймагтаа, сумандаа түрүүлээд л яваг. Гэтэл худлаа төрийнхөө наадмыг хүндэтгэж байгаа нь гэж зодоглоод тавын даваанд начин төрүүлж байгаа нэртэй баахан мөнгө халааслаад буцдаг болсон байна.
Ийм наадам үзчихээд яаж сайхан гэж хэлээд явах билээ дээ. Аймгийн цолтнууд хэзээ эр бяраа үзэж, хэзээ шударга барилддаг болно тэр цагт л наамдынхаа нээлтийг цэнгэлдэхэд очих үзнэ дээ.
А.Аюуш