УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улс, Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна. Ингэхдээ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд импортын архи, тамхинд ногдуулдаг ОАТ-ын хувь хэмжээг дотоодынхтой адил түвшинд аваачих зорилгоор хийж байгаа өөрчлөлт аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг \”Архи, тамхинд ногдуулж ирсэн ОАТ-ын хувь хэмжээг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ бууруулж тогтоосноор улсын төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээ 60 гаруй тэрбум төгрөгөөр буурч, тэр нь энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд цэвэр ашиг болж очсон тул архи, тамхины ОАТ-ыг нэмэгдүүлэх ёстой” гэв. Ингэхдээ импортын архи тамхинд ногдуулах ОАТ-ын хувь хэмжээг бага зэрэг бууруулж, дотоодын архи, тамхинд ногдуулах ОАТ-ыг нэмж, дунджилсан байдлаар татварыг тогтооё гэсэн санал дэвшүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл \”Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбоотойгоор импортын архи, тамхины ОАТ-ыг дотоодынхтой ижил төвшинд хүргэх шаардлага үүсч буй юм бол дотоодынхоо бүтээгдэхүүнд ногдуулах ОАТ-ыг нэмээд өгчихье. Энэ тохиолдолд импортын ОАТ-ын хувь хэмжээг бууруулах шаардлага үүсэхгүй гэж үзэв. Мөн тэрээр импортын архи, тамхинд ногдуулах ОАТ-ыг бууруулахгүйгээр дотоодынхыгоо нэмж ижил төвшинд хүргэе гэсэн санал гаргасан боловч олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос зургаа нь дээрх саналыг дэмжиж долоо нь дэмжээгүй юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архи, тамхинд ногдуулах ОАТ-ыг градусаас нь хамаарч ялгавартай тогтоох санал гаргасан ч мөн л олонхийн дэмжлэг хүлээлгүй унаж, Засгийн газрын өргөн барьсан хувилбараар хуулийн төсөл чуулган руу шилжихээр болов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат \”Засгийн газрын хувьд импортын архи, тамхинд ногдуулах ОАТ-ын хувь хэмжээг ямар байдлаар тогтоовол зохистой вэ гэдгийг өнгөрсөн хавраас хойш тодорхой тооцоо судалгаа хийсний үндсэн дээр хамгийн альтернатив хувилбар нь энэ юм байна гэж тогтсон.
Татварыг нэмэх асуудлыг хүчээр шийдэж болохгүй. Засгийн газрын хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд өнгөрсөн наймдугаар сард импортын бараанд ногдуулах Гаалийн татварт өөрчлөлт оруулж зарим барааг 40 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ удаад ОАТ-т өөрчлөлт оруулахаар болсон нь аль нэг улсын эрх ашгийг хамгаалах юм уу, аль нэг компанийг хамгаалах зорилгоор хийгдсэн зүйл биш. Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагатай байгуулсан гэрээнийхээ хүрээнд хийж буй зохицуулалт” гэлээ.