Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Уул уурхайн яам болон түүний харьяа агентлагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь иргэн албан тушаалтан, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэдэггүй. Удирдлагын хяналт сул байна. Энэ яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон 2 албан тушаалтанд 33 сая төгрөгийн тэтгэмж олгожээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дэх хэсэгт \”төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалт болон Засгийн газрын \”Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 147 дугаар тогтоолыг зөрчсөн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын албан хаагчид ажлынхаа зэрэгцээ шинжээчийн үүргийг давхар гүйцэтгэдэг байна. Уул уурхайн 19 мэргэжилтэн аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ордын нөөцийг тогтоосон тайланд шинжээчээр оролцож 3-25 сая төгрөгийн хөлс авчээ. Энэ салбарт төрийн албан хаагч өөрийн эрхэлж буй ажлын хүрээнд шинжээчээр оролцож, түүнээсээ орлого олохыг зөвшөөрсөн журам тай. Энэ нь авлигын маш том эрсдэл бөгөөд төрийн албан хаагч хуулиар зөвшөөрснөөс өөр давхар ажил эрхлэхгүй байх хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна. Яамны албан тушаалтнууд \”Уул уурхайн шинжээчээр ажиллах хүн дутмаг байдаг. Энэ нь монгол мэргэжилтний үнэлэмжтэй холбоотой” гэсэн тайлбар хэлжээ. Гэвч мэргэжилтнүүд нь үр дүн, гүйцэтгэл шаардах ёстой аж ахуйн нэгжүүдээсээ шинжээчийн ажлын хөлс нэрээр төлбөр авч байгаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл юм.
Давхар ажил эрхлэлттэй холбоотой ажлын байрны давхардал ихтэй байгаа нь УИХ-ын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан \”Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” бодлогын баримт бичгийн 3.1.11-д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн, эрх үүргийг нь мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэхээр заасныг хэрэгжүүлэх тал дээр санаачилгагүй ажиллажээ гэж дүгнэж болохоор байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэх ашигт малтмалын нөөцийн тайланд яам, агентлагийн албан тушаалтнуудыг шинжээчээр оролцуулж байгаа асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай байна.