Өчигдөр орсон
цаснаар Улаанбаатар хотын гудамж талбай тэр аяараа л мөсөн гулгуурын талбай болжээ. Нийслэлийн
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ өчигдөрөөс эхлэн хариуцсан нийтийн
эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай
арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй
ажиллаж байгаа. Хэдийгээр ТҮК-ийн шар
хантаазтанууд цас, мөсийг хүрзээр цохин цэвэрлэж байгаа боловч гэр хорооллын гудамжинд давс, бодис цацаж байгаа байдал харагдахгүй л байна.
Энэ халтиргаа
гулгаанаас болж ГССҮТ-ийн ачаалал эрс
нэмэгдэг гэдгийг албаны хүмүүс хэлж байна.Тухайлбал, өвлийн улиралд өдөрт дунджаар 250-350 хүн хандаж байгаагийн 60 хувь нь буюу
130-180 нь халтирч унаснаас болж бэртсэн тохиолдол байдаг гэнэ. Хатиргаа гулгаанаас болж бэртэж гэмтдэг асуудал жил бүр гардаг. Үүнийг зохицуулахын тулд хотын захиргаанаас
нийслэлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метр газрыг
цэвэрлэж байх журмыг баталсан байдаг. Гэвч энэхүү журам нь бараг хэрэгждэггүй
гэхэд болно. Өөрөөр хэлбэл, цас орсоны дараа олонх байгууллага зөвхөн үүдэн
хэсгээ л цэвэрлэдэг. Хэрэв тэд журамд заасныг биелүүлдэгсэн бол цас, мөстэй
өчүүхэн ч зай нийслэлд үлдээлгүй цэвэрлэхээр ойр ойрхон байрлалтай шүү дээ.
Гэтэл журмаа мөрдөж цас мөсөө цэвэрлэдэг байгууллага ховор байна.
Унаж, бэртсэн иргэд
хохирлоо нэмэмжлэх эрхтэй
Иргэд халтирч унаж зөөлөн эд, хөл, гараа гэмтээсний дараа эмнэлэгт хандах тухай боддог. Харин ямар байгууллагын ойролцоо бэртэв гэдгээ
анхаардаггүй. Уг нь 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны
хариуцлагын тухай хуулийн 38.2-т \”…гаднах орчныхоо халтиргаа гулгаатай
талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг
тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий. Тиймээс иргэд энэ заалтыг иргэд мэддэг
байх нь чухал юм. Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн баталгаажсан газар
дээрх xoг, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, халтиргаа, гулгаа үүсгэсэн
нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл заалт бий.
Тиймээс эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд
бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гаргавал хариуцах ёстой. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний
зардал, нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах юм байна. Харин энэ журмын
хэрэгжилтэд дүүргүүдийн мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран
хяналт тавих ёстой бөгөөд хэрэгжүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг Мэргэжлийн
хяналтын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй юм байна. Торгохдоо
байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4, байгууллагыг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гэж
Хог хаягдлын тухай хуульд заажээ.