Монгол
Улсын хэмжээнд энэ оны мал тооллогын ажлыг арванхоёрдугаар сарын 7-17-ны
хооронд зохион байгуулсан. Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг өнөөдөр
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан юм. Монгол Улс түүхэндээ хамгийн
анх 1918 онд малаа тоолж эхэлсэн аж. Энэ жилийн мал тооллогод 11.5 мянган
тоологч улс даяар ажиллаж, хяналтаар 1688 хүн ажиллажээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр өмнөх онтой харьцуулахад мал
сүргийн тоо 7.8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Ингэснээр жилийн эцсээр Монгол
Улсын нийт мал сүргийн тоо 66.2 саяд хүрснийг Үндэсний статистикийн газраас
мэдээллээ. Өнгөрсөн оноос адууны тоо толгой 303.9 мянган буюу 8.4 хувиар, үхэр
307.3 мянга буюу 7.5 хувиар, тэмээ 32.7 мянга буюу 8.2 хувиар, хонь 2.2 сая
буюу 8.1 хувиар, ямаа 1.7 сая буюу 6.9 хувиар тус тус өсчээ.Нийт мал сүргийн бүтцээр авч үзвэл хонь 45.5 хувь, ямаа 41.3
хувь, үхэр 6.6 хувь, адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ. Сүүлийн
27 жилийн хугацаанд мал сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь 21.5 хувиар өссөн бол
бусад хонь 12.9 хувь, үхэр 4.4 хувь, адуу 2.8 хувь, тэмээ 1.4 хувиар буурсан
үзүүлэлт гарчээ.
Өвөрхангай аймаг мар сүргийн тоогоороо улсдаа тэргүүллээ
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Өвөрхангай аймаг нийт
5.7 сая мал тоолуулж, мал сүргийн тоогоороо улсдаа тэргүүлжээ. Хөвсгөл
аймаг 5.2 сая, Архангай аймаг 5.2 сая, Төв аймаг 4.6 сая, Баянхонгор 4.5 сая
мал тоолуулж, эхний таван байрт орсон байна. Мөн энэ жил Булган, Сэлэнгэ, Төв,
Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгаас бусад аймаг, хот мал сүргээ таван төрөлд
өсгөсөн үзүүлэлттэй гарчээ. Энэ жил Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Сүхбаатар
аймгуудад мал сүргийн тоо хамгийн их буюу 497-534.9 мянган тоо толгойгоор тус
тус өссөн байна. Харин адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол
тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ.