Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн уулзалт өнөөдөр боллоо. Боловсролын сайдын шийдвэрээр 2015 онд эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасаж, биологийн хичээл болон биеийн тамирын хичээл дотор багц судлагдахуун болгох болсон. Харин залуучуудын эрүүл мэндийн асуудлаар ажилладаг \”Youth LEAD” олон улсын байгууллага БСШУЯ-наас гаргасан дээрх шийдвэр үр дүн муутай, учир дутагдалтай гэж үзэж сэтгүүлчдэд хандан, эрүүл мэндийн хичээл ба өсвөр үе залуучуудын эрүүл мэнд, эрсдэлт зан үйлийн талаар хийсэн судалгаануудын нэгтгэл тоймыг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байв. Ер нь энэ шийдвэр эсэргүүцэлтэй цөөнгүй тулж байсан бөгөөд тухайн үед сайд байсан Л.Гантөмөрт эрүүл мэндийн хичээлийг оруулах талаар шаардлага хүртэл хүргүүлж байсан юм.
Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж байгаа байдал, бэлгийн замаар дамжих халдвар их байгааг бусад үндэсний хэмжээнд хийсэн судалгаануудын дүн харуулдаг. Тиймээс Эрүүл мэндийн хичээлийг тусгайлан цаг гарган хичээлийн хуваарьт оруулах нь ихээхэн үр дүнтэй гэдгийг багш нар ч хэлдэг.
Тэгвэл өнөөдрийн уулзалтаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх зэрэг асуудлыг ярилцжээ. Мөн эрүүл мэндийн боловсролын агуулгыг бие даасан хэлбэрээр судалдаг болох бэлтгэлийг хангах ажлын чиглэл, төлөвлөгөөний төсөл, зохион байгуулалтыг хэлэлцсэн байна.
Ямартай ч БСШУСЯ-аас эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан хичээлийн хэлбэрээр судалдаг болох, үр дүнтэй, оновчтой сургалтыг бий болгох бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм байна.